Аймгийн төв цэнгэлдэхийг иж бүрнээр нь тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-23 14:34:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэнг иж бүрэн тохижуулах ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр тус төв цэнгэлдэх хүрээлэн иж бүрэн спорт комплекс болон тохижиж байнгын ажиллагаатай болох гэнэ.
Тус тохижилтын ажил нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлын нэг байгаа. Цэнгэлдэх хүрээлэнг ингэж тохижуулснаар аймгийн ард иргэд болон хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэхэд чиглэгдсэн томоохон төв болох учиртай юм. Түүгээр зогсохгүй байнгын ажлын байр ч нэмэгдэх боломж бүрдэх ажээ. Энэхүү тохижилтын ажлын эхний гүйцэтгэл нь тус цэнгэлдэх хүрээлэнгийн саравчийг гүйцээн барьж, стандартын таримал зүлэгтэй хөлбөмбөгийн талбай байгуулах ажил байгаа аж. Энд зөвхөн хөлбөмбөг тоглохоос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг ч тоглож болох олон талт үйлдэл бүхий спорт тоглоомын талбай байгуулагдах гэнэ.
Түүнчлэн гүйцэтгэгч компаниуд цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын тохижилтын ажлыг ч мөн хийх юм байна. Шинээр байгуулж буй хөлбөмбөгийн талбайг Швед технологийн Euroboll үрээр зүлэгжүүлж байгаа гэж гүйцэтгэгч компанийн хүмүүс ярьж байна. Тус ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Жи Ти Кэй Эс” ХХК ажиллаж байгаа бөгөөд түншлэгч компаниар “Свебау” хаус ХХК хамтран оролцож байгаа аж. Дээрх компаниуд орон нутгаас ажиллах хүч болон техник тоног төхөөрөмжүүдийг түрээслэн ашиглаж байгаа гэлээ. Энэхүү төв цэнгэлдэх хүрээлэнг иж бүрэн тохижуулах ажил нь аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 270 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа юм байна.  
Ч.Отгонцэцэг
相关新闻