Ховдод гамшиг эрсдэлийн үед иргэдийг хамгаалах “Хорогдох байр” байдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-23 08:48:15
Ховд/МОНЦАМЭ/Энэ оны 05 сарын 22-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн өргөтгөсөн хурал боллоо. Тус хуралд төв газраас ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулеаар ахлуулсан ажлын хэсэг хүрэлцэн ирж, газар хөдлөлтийн эсрэг  авч хэрэгжүүлэх арга хэмжээ, заавар зөвлөмж  өглөө.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь МХГ-ын улсын байцаагч Ц.Алтансүх, ОБЕГ-ын ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референт Ё. Жаргалсайхан, ОБЕГ-ын З.Баттулга  нарын  бүрэлдэхүүнтэй  Ховд аймагт  ажиллаж, Онцгой Байдлын Газар, Мэргэжилийн Хяналтын Газрын  үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, биелэлт, хяналт, барилга байгууламжид хийсэн эрсдэлийн үнэлгээний нэгдсэн дүгнэлттэй  дэлгэрэнгүй  танилцлаа.
Ховд  аймагт  хийх  шаардлагатай 10 гаруй ажлын зөвлөмж, үүрэг даалгаврыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхэд  хүлээлгэн өгсөн юм.
Үүнд 80 гаруй төрийн албан хаагч, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн гишүүд, аймгийн ОБГ-ын албан хаагчид оролцсон тус хурлын  үеэр ОБЕГ-ын ҮАБЗ-ийн ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайхан, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь зөвхөн тус зөвлөлийн ажил биш, иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагуудын хамтын ажиллагаа,  хамтын  зүтгэл юм. Тиймээс Ховд аймаг  гамшгийн зарлан мэдээллийн  төхөөрөмж,  иргэдэд  зориулсан сургалтын  танхимтай болох  хэрэгтэй”  хэмээсэн юм.
Ховд аймгийн МХГ-ын 2016 оны барилгын чанар, эрсдэлийн үнэлгээнд  ЕБ-ийн сургууль, цэцэрлэг,  эмнэлэг, орон сууц, үзвэр үйлчилгээний байгууллагуудын 40 гаруй хувь нь газар хөдлөлтийн үед  тэсвэргүй, стандарт бус хэмээх дүн гарсан байна. Мөн газар хөдлөлт, гамшиг эрсдэл тулгарахад  иргэдийг  хамгаалах “Хорогдох байр” байдаггүй аж. Өргөтгөсөн хурлыг удирдан явуулсан аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх “Өндөр ваалийн газар хөдлөлтийн үед иргэдийн аюулгүй байдлыг хангасан хорогдох байрыг эрсдэл даах чавдартай ЕБ-ын сургуулийг түшиглэн бий болгоход анхаарч ажиллана” гэдгээ онцлон хэлсэн юм.
Тус  хурлын  үр дүнд  Байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн гишүүд,  аймгийн удирдах ажилтнууд  нь  Газар хөдлөлтийн  гамшиг,  эрсдэлээс  урьдчилан сэргийлэх, барилга байгууламжийн стандарт  чанарыг  сахиулах, иргэдийн эрүүл, аюулгүй  орчныг  бий болгоход  ямар ямар арга хэмжээг  авах,  хэрхэн ажиллах  тухай заавар, зөвлөмж,  Япон улсын  гамшгаас сэргийлэх  ажлын  сайн  туршлагын  талаар  шинэ мэдээлэл, семинар  зэргийг  хүлээн  авсанаараа  чухал  холбогдолтой байлаа.
А.Бямбасүрэн
                                                                
相关新闻