ДЭМБ: Йеменд булчин задрах тахлаар өвчилсөн хүмүүсийн тоо 300 мянгад хүрч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-05-22 13:13:08
САНАА. /VOA/. Йеменд ирэх зургаан сарын дотор холер буюу булчин задрах тахлын халдвар авсан 250 мянган тохиолдол бүртгэгдэж магадгүй байна гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа. 

Тус улсад одоогоор уг тахлын халдвар авсан 50 мянган тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

ДЭМБ-ын Йемений асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Невио Загария өчигдөр мэдэгдэл хийхдээ “холерын тархалт асар хурдтайгаар газар авч байна” гэв.

Түүний мэдэгдсэнээр, өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд 50 мянга гаруй хүн холерын халдвар авсны 240 нь нас баржээ.

Хоёр жилийн өмнө тус улсын засгийн газрын цэргүүд болон лалын босогчдын “Хусит” бүлэглэлийнхний хооронд дэгдсэн дайны хөлд 8000 гаруй хүн амь үрэгдээд байна. Холерын тархалттай холбоотойгоор Йемений нийслэл Санаа хотод өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан юм.

НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсын 26 сая хүний 17 сая нь хүнсний хомсдолд ороод байна. Мөн гурван сая гаруй хүүхэд хүнс тэжээлийн дутагдалд ороод байгаа ажээ.

Арабын хамгийн ядуу буурай улс болох Йеменд нэг жил хүрэхгүй хугацааны дотор булчин задрах тахал хоёр дахь удаагаа дэгдсэн нь энэ билээ.

Булчин задрах тахал бол бохир ус, хоол хүнсээр дамждаг, цаг агаар дулаарах үед тархалт нь идэвхждэг өвчин юм. Энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Булчин задрах тахал туссан тохиолдолд яаралтай арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай.
Г.Доржханд
 

相关新闻