Сүүлийн 3 жилд гэмт хэрэг 31,5 хувь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-20 17:41:07
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар баримтлах дунд хугацааны бодлого”-ын хэрэгжилтийг хэлэлцээд 2017-2020 онд баримтлах дунд хугацааны бодлого гарган хэрэгжүүлэхээр боллоо.
2013 онд 387 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 87 хэргээр буюу 28,7 хувиар, гэмт хэрэгт  397 хүн холбогдсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 112 хүнээр буюу 28,2  хувиар өссөн, гэмт хэргийн улмаас нас барсан ба гэмтсэн иргэд өсөх хандлагатай байсан байна.
“Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар баримтлах дунд хугацааны бодлого”-ыг хэрэгжүүлснээр гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд дараалан багасаж, 2016 онд 265 гэмт хэрэг бүртгэгдэж, 2013 оныхоос 31,5 хувь буурсан үр дүн гарчээ.
Бодлого хэрэгжих хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх ажилд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөс гадна орон нутгийн хөгжлийн сан, байгаль хамгаалах сан, автозамын сан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж, бодит ажил хэрэг болсон байна. Сумдын цагдаагийн кобан байр, тусгай хэрэгсэл, бэлэн бус торгуулийн машин, аймгийн төвийн камерын хяналтын систем, гүүрэн гарцын камер, автозамын хяналтын постууд, хөдөлгөөнт эргүүлийн болон тусгай хамгаалалтын автомашин зэргийг шийдвэрлэсэн байна.
Томоохон хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэсний үр дүнд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 2013 онд 93,3 хувиар өсөлттэй байсан бол  2016 онд 15 гарч өмнөх оноос 4 хэргээр буюу 21,1 хувиар буурчээ.
Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн болон хувийн хэвшлийн дэмжлэг оролцоог жигд хөгжүүлж, үр ашигтай хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлд сум орон нутгийн хүн ам, нутаг дэвсгэрийн онцлог, бүртгэгдэж байгаа гэмт хэргийн шинж байдал, шалтгаан нөхцөлд үндэслэсэн бодитой үр дүнд хүрэх арга замуудыг тодорхойлж ажиллах шаардлагатай байна гэж ИТХ-ын хуралдаанаас үзсэн байна.
М.Батжаргал
相关新闻