Сүрьеэгийн эмнэлгийг тусад нь гаргах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-19 11:21:52
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албанаас энэ сарын 18-ны өдөр “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө” хөтөлбөрүүдийн төслөөр иргэний танхимын хэлэлцүүлгийг зохион явууллаа.
Хэлэлцүүлэгт Сүхбаатар сумын 8 багийн иргэдийн төлөөлөл, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүдээс хэд хэдэн саналуудыг гаргалаа. Тухайлбал: сүрьеэгээр өвчилсөн өвчтөнтэй хамгийн түрүүнд нүүр тулдаг эмч, сувилагч нарыг цалингийн тодорхой хувиар урамшуулдаг байх, хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны чанар, хүртээмжийг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж төсөвт тусад нь суулгах, өвчтөний ая тухтай байдал, эрүүл ахуйн халдвар хамгааллыг сайжруулах үүднээс нэг хаалгаар орж гардаг байдлыг зогсоох санал тавжьээ. Түүнчлэн сүрьеэгийн эмнэлгийг тусад нь гаргах, өвчний илрүүлгийг нийгмийн эмзэг бүлэг рүү чиглүүлж үр дүнтэй явуулах, эмч мэргэжилтнүүдийг нэмэх шаардлагатай гэсэн саналуудыг тавьсан юм.  
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр, мөн “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөө”-г тус тус иргэд, олон нийтээр хэлэлцэхээр тусгасан учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион явуулжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻