Олимпиадад оролцогчид яруу найрагчдаас үнэтэй зөвлөгөө авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Идэрийн эх хэлний олимпиадад багийн дүнгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын III сургууль тэргүүлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Хөвсгөл аймгийн Галт сумын дунд сургуулиуд удааллаа.
Харин монгол хэлний анхан шатны бага ангийн багш нарын олимпиадад Говь-Алтай аймгийн Алтай сумын багш П.Сарантуяа тэргүүлж Завханы Дэвшил сургуулийн багш А.Шаравжамц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын багш П.Ууганбаяр, мөн сумын багш Б.Энх-октябрь, Завханы Дэвшил сургуулийн багш Д.Сарангоо нар удааллаа. Монгол хэлний мэргэжлийн багш нарын олимпиадад Увс аймгийн Улаангом цогцолбор I сургуулийн багш М.Өлзийдэлгэр тэргүүлж мөн сургуулийн багш М.Мягмаржав, Улаанбаатар хотын Жаргалан сургуулийн багш О.Сүнжидмаа, Увс аймгийн Улаангом цогцолбор II сургуулийн багш Д.Ариунаа, Дундговь аймгийн Сайнцагаан сумын багш Д.Отгонсүрэн нар удааллаа. Зөв цэвэр бичигтэн багшаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын багш О.Бямбасүрэн шалгарч Хөвсгөл аймгийн Галт сумын багш А.Цэрэнхүү, Дундговь аймгийн Сайнцагаан сумын багш Э.Сүрэнчулуун, Завханы Тосонцэнгэл сумын I сургуулийн багш Д.Мөнхцэнгэл, Хөвсгөлийн Мөрөн сумын Титэм сургуулийн багш О.Оюунтунгалаг нар удааллаа. Эх хэлний олимпиадын үеэр монгол хэл, уран зохиолын багш нарт Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Д.Баттогтох, МУИС-ийн гавьяат багш, доктор Д.Галбаатар нар сургалт өгч мэргэжлийн зөвлөгөө өглөө. Энэ үеэр хэл шинжлэл, монгол улсын хэлний зөвлөлийн бодлого, уран зохиолын эхэд задлал хийх, утга зохиолын чиглэлээр сонирхолтой сургалтыг хийж багш нарын олон асуултад мэргэжлийн зөвлөгөө хариулт өглөө. Мөн уншигч зохиолчдын уулзалтыг хийж яруу найраг, монгол хэлийг шимтэн суралцаж буй хүүхдүүдэд Монголын сор болсон зохиолч яруу найрагчид үнэтэй зөвлөгөөг өглөө.
Б.Мягмарсүрэн