УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-18 18:43:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлснээр өндөрлөв. 

Тодруулбал “Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 ондхөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэжээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Баттөмөр, Л.Болд, С.Чинзориг нар тогтоолын төслийн болон хавсралтын нэрний “2016-2020” гэснийг “2017-2020” гэж өөрчлөх, хугацааг ийнхүү өөрчилсөнтэй холбогдуулан 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаархи 2.1.2, 2.1.6, 13.1.8, 13.1.23 дахь дэд заалтуудыг төслөөс хасах, мөн 2.8 тэрбум төгрөгийг хөтөлбөрийн санхүүжилт хэсгээс хасах, тогтоолын төслийн 3.2 дахь дэд заалтын “Улсын Их Хуралд тайлагнаж байх” гэснийг “Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны 1 дүгээр улиралд тус тус тайлагнах” гэж өөрчлөх, төслийн хавсралтын Дөрөвдүгээр бүлгийн “Зорилт 8”-ыг бүхэлд нь өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.
 
Дараа нь Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй нийт 25 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ.
Н.Туяа
 
相关新闻