Гавьяатын гэр бүл “Жанжны хотын жаргалтай гэр бүл” тоглолтоо толилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-17 17:53:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын ахмад уран бүтээлч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бямбасүрэнгийн гэр бүлийнхэн “Жанжны хотын жаргалтай гэр бүл” тоглолтоо Сэлэнгэ түмэндээ толилууллаа.
Сэлэнгэ түмэндээ “Ардын дууны Бямбасүрэн” хэмээн нэрээ мөнхөлж чадсан Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бямбасүрэнгийн гэр бүлийнхэн энэхүү тоглолтоо Сүхбаатар сум байгуулагдсны 80 жилийн ой, Ардын дуу бүжгийн Сэлэнгийн долгио чуулга үүссэний 35 жилийн ойг угтаж, дэлхийн гэр бүлийн өдөрт зориулан бэлэг барьжээ.
Гавьяат зүтгэлтэн М.Бямбасүрэн 1982 онд анх АДБ-ийн “Сэлэнгийн Долгио” чуулгыг үүсэн байгуулагдахад гэр бүлийнхээ хамтаар тус чуулгад томилогдон ирж ажилласаар эдүгээ 35 жил дасал болсон хамт олон, алтан тайзнаа уран бүтээлээ туурвисаар яваа аж. Түүний гэргий н.Энхтуяа энэхүү тайзнаа 20-иод жил бүжиглэсэн ахмад уран бүтээлчдийн нэг юм.
Мөн дуучны гурван охин мэргэжлийн урлагийн байгууллагуудад өөрийн дуу хоолойгоороо танигдан ая дуугаа түмэн олондоо хүргэж яваа төдийгүй түүний ач, зээ нар хүртэл сургууль, цэцэрлэгийнхээ урлагийн тайзнаа авьяас чадвараар гайхуулан дууч, бүжигчин удмаа үргэлжлүүлэн яваа авьяаслаг хүүхдүүд юм. Бямбасүрэнгийнхнийг удам дамжсан урлагийн гэр бүлийнхний 5 дахь удаагийн хамтарсан тоглолт энэ ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻