Венесуэлийн ахмадууд жагсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-13 18:17:17
КАРАКАС. /ВВС/. Венесуэлийн эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаатай холбоотойгоор тус улсын нийслэл Каракас хот болон бусад хотод өчигдөр хэдэн мянган ахмад Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцэн жагсчээ.

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан байна.

Үүний хариуд жагсагчид цагдаа нар руу чулуу нүүлгэж, эсэргүүцлээ илэрхийлэгчдийг хүндэтгэхийг шаарджээ.

Венесуэльд өргөн хэрэглээний бараа, үүний дотор хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол үүсээд байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын хямрал ахмадуудад хамгийн хүнд цохилт болж байна.


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус улсад эх хүүхдийн эндэгдэл эрс нэмэгдсэнийг харуулсан тайлан мэдээг энэ долоо хоногийн эхээр нийтэлсэнтэй нь холбогдуулан Эрүүл мэндийн сайд Антониета Капоралыг Ерөнхийлөгч Николас Мадуро огцруулжээ.

А.Капорал нь ердөө дөрвөн сарын өмнө сайдаар томилогдож байсан юм.

“Би өөрийн ач зээ нар, улс орноо хамгаалахын төлөө өнөөдөр энд эсэргүүцлээ илэрхийлж байна” гэж тус улсын 78 настай иргэн Рафаел Колменерс ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр “ахмадуудыг хүндэтгэ” гэж олон хүн хашгирч байжээ.

Нийгмийн халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлж байсан Ерөнхийлөгч Уго Чавес 2013 онд таалал төгссөнөөр Н.Мадуро тус улсын төрийн тэргүүн болсон юм.

Үүний дараа дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасны улмаас Венесуэлийн засгийн газрын нефть экспортоос олох орлого эрс буурч, улмаар тус улс хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн сүү, эм тариа болон бусад өргөн хэрэглээний барааны хомсдолд орсон билээ.

Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, Венесуэльд инфляцийн түвшин энэ онд 700 хувиас давах төлөвтэй байна.
 
 
 Г.Доржханд
相关新闻