В.Путин зарлиг гаргасан боловч А.Навальный жагсаал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-12 10:31:25
МОСКВА. /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2017 онд болох хөлбөмбөгийн Конфедерацийн цомын тэмцээн болон 2018 оны ДАШТ-ий үеэр авах аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Зарлигт дурдсанаар, спорттой холбоогүй жагсаал цуглаан болон бусад арга хэмжээг Холбооны аюулгүй байдлын алба болон орон нутгийн эрх баригчдын тогтоож өгсөн газарт, тодорхой цагт зохион байгуулах ажээ. Түүнээс гадна түр оршин суугчдыг бүртгэх журмыг өөрчилж, тухайн хотод ирсэн хүн гурав хоногийн дотор бүртгүүлэх ёстой болж байна. 

Эдгээр журмыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 12-нд Москва, Санкт-Петербург, Татарстан болон Краснодарын хязгаарт болох Конфедерацийн цомын тэмцээний үеэр мөрдөх юм. Түүнчлэн 2018 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-ныг хүртэл явагдах хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр мөрдөнө.

Харин аюулгүй байдлыг хангах чангатгасан арга хэмжээ авсан хугацаанд Москва болон бусад хэд хэдэн хотод дор хаяж нэг удаа олныг хамарсан жагсаал цуглаан болно гэдгийг сөрөг хүчний удирдагч Алексей Навальный мэдэгджээ. Тэрбээр эсэргүүцлийн ажиллагааг 6 дугаар сарын 12-нд зохион байгуулахаар товлосон аж. Навальныйгийн штабын ахлагч Леонид Волков энэ жагсаалыг хойшлуулах бодолгүй байгаагаа мэдэгдсэн юм. Гэхдээ жагсаалд Навальный оролцох эсэх тухай асуултад тэрбээр хариулсангүй. Навальный мэдэгдэхдээ “над руу 4 дүгээр сарын 27-нд халдсаны улмаас миний нүд гэмтэж, мэс засалд орохоос аргагүйд хүрсэн, хагалгааны дараа биеэ тэнхрүүлэхэд хэдэн сарын хэрэгтэй” гэсэн юм.
Х.Сарнай  
 
相关新闻