Хүүхдийн чуулганаас гаргасан санал санаачлагуудыг ажил болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-10 23:04:39
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ-аас сумынхаа ЕБС-тай хамтран “Хөгжилд хүүхдийн оролцоо” хүүхдийн чуулганаа гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж, төр нийгмийн байгууллагуудын анхаарлын төвд байх болсоор ирлээ. Энэ ч утгаар Сэлэнгэ аймгийн Шаамар суманд “Хөгжилд хүүхдийн оролцоо” сэдэвт хүүхдийн  3-р чуулганаа зохион байгуулсан нь мөн л хүүхдийн төлөө аж. Тус сумын ЗДТГ-аас 2013 онд анх санаачлан зохион байгуулсан сумын хүүхдийн чуулган 2 жилд нэг удаа болж чуулганаас гарсан санал санаачлагуудыг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган шийдэлд хүрдэгээрээ бусдаас давуу юм.
Шаамар сумын Засаг дарга бөгөөд сумын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Баярбат:-”Манай сум хүүхдийн чуулганаа 2 жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаа гурав дахь чуулганаа бид хамтран амжилттай хийлээ. Энэ удаагийн чуулганы онцлог бол өмнөх 2-р чуулганаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, 3-р чуулганы хүрээнд сурагчдынхаа дундаас гаргасан 5 сэдвийн хүрээнд ярилцаж зөвшилцөж байна. Манай Шаамар сум хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон ажил, арга хэмжээ зохион байгуулж, тэдний дуу хоолойг сонсож, хүүхдүүдээс гарсан шийдвэрүүдийг нутгийнхаа хөгжилтэй уялдуулан авч хэлэлцдэгээрээ онцлогтой. Бид хүүхдийн 2-р чуулганаас гаргасан санал санаачлагуудыг бүрэн хэрэгжүүлж ажилласан. Тухайлбал хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс спорт цогцолбор, соёлын төвтэй боллоо. Мөн хүүхдүүдийн хүрээнд 20 төрлийн секц дугуйланг хичээллүүлж, тэдний авьяас чадварыг нээх, хөгжүүлэх ажлыг хийж байна” хэмээн ярилаа.
Мөн Шаамар сумын ЕБС-иас хүүхдийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүднээс аймгийн БСУГ-тай хамтарч Япон улсын сурагч солилцоо хөтөлбөрт хүүхдүүдээ хамруулсан нь тус сургуулийн хувьд анхдагч шинэлэг ажил болжээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдаад ирсэн Шаамар сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Н.Баярмаа:-“Би Сэлэнгэ нутгийнхаа хүүхдүүдийг төлөөлж Япон улсад сурагч солилцоо хөтөлбөрт оролцоод ирсэндээ маш их сэтгэл хангалуун байгаа. Бид Япон хүүхдүүдээс цаг баримталдаг, бүтээлч, бас эх оронч, үндэснийхээ өв уламжлалыг маш сайн мэдэж, түүнийгээ өвлөн хадгалж байгааг суралцах юм байна гэдгийг харсан. Бас их хөдөлмөрч хүмүүс юм байна” хэмээлээ.   
Ч.Отгонцэцэг
相关新闻