11000 гаруй хүн төслийн үр шимийг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-10 23:01:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2 дахь шатны төсөлд Сэлэнгэ аймгийн 18 сургууль хамрагдаж, төслийн дунд хугацаанд нийт 90.7 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ. Мөн 76.9 сая төгрөгийн худалдан авалт, 5.2 сая төгрөгийн сургалт, зөвлөх үйлчилгээ авч, сурагчдыг хөгжүүлэх үйл ажиллагаанд 8.5 сая төгрөгг зарцуулсан байна.
Энэхүү сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 2 дахь шатны хүрээнд Монгол ёс заншил, уламжлалт ахуй соёлоос өвлөн суралцаж, эх хэлний чадварыг сайжруулах чиглэлээр 8 төсөл, Байгалийн ухааны сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр 3 төсөл, Авьяасыг хөгжүүлэх чиглэлийн 7 төсөл тус тус хэрэгжжээ. Уг төсөл хэрэгжиж байгаа нийт сургуулиудын төлөвлөсөн үйл ажиллагааны биелэлт 79.5 хувьтай байгаа нь төсөл хэрэгжиж буй сургууль бүрийн үйл ажиллагааг өмнөх шатанд хэрэгжиж байсан төслийн хэрэгжилтийн явцтай харьцуулахад зарим сургуулийн удирдлагуудын ажилдаа хандах хандлага, төсөл хэрэгжүүлэх менежмент сул, харилцан адилгүй байсантай холбоотой гэнэ. Тодруулбал зарим сургуулиуд төслийн дунд хугацааны тайланг ирүүлэхдээ хугацаандаа ирүүлэхгүй, дахин дахин шаардуулах, ирүүлсэн тайлангийн зарим асуултанд огт хариулаагүй, буруу хариулах, хоорондын уялдаа холбоо алдагдах зэрэг дутагдал байгаагаас үүдэлтэй ажээ. Гэвч төслөө сайн хэрэгжүүлж байгаа сургуулиуд олон байгаа юм. Тухайлбал Шаамар, Дулаанхаан, Бугант, Зүүнбүрэн сумын сургууль, Мандал сумын Тарни багийн сургуулийн төсөл олон хүүхдийг хамарсан, эцэг эх, багш нарын дэмжлэг хамтын ажиллагаа, менежмент сайтай үлгэр жишээ хэрэгжиж байна.
Энэхүү төсөл хэрэгжүүлэхэд 8732 сурагч, 351 багш, 2182 эцэг эх хамтран ажиллаж нийт 11265 хүн төслийн үр шимийг хүртээд байгаа юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻