“Түцний охид” киноны нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-09 10:36:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөгийн нийгэмд өрх толгойлон зүтгэж яваа хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан, эмэгтэй хүний үнэн түүхийг харуулах “Түцний охид” уран сайхны кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ.

“Go Adventure studio” болон “Red point media”-гын хамтын бүтээл энэхүү киноны гол дүрд Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ Б.Жаргалсайхан, СТА Т.Хулан, жүжигчин Т.Бадамжав нар тогложээ.

Тус киноны ерөнхий найруулагчаар Д.Галхүү ажилласан бөгөөд тэрээр киноныхоо талаар “Өнгөрсөн 2016 он миний хувьд хайрт эгчээсээ хагацсан хатуу жил байсан. Эгч минь өрх толгойлсон эмэгтэй байсан юм. Тэр мөчөөс эхлэн энэ сэдвээр кино хийх юмсан гэсэн бодол шөнийн зүүдэнд зохиол болон ирж өдрийн бодолд кино кино кино гэсээр нэг л мэдэхэд зорилго болчихсон байсан” гэв.

Хандаа бол өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хоёр охиныхоо хамт ТҮЦ-нд амьдардаг байлаа. Энэ Түц бол тэдний бизнес, гэр орон нь билээ. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэж ТҮЦ-ийг ачиж орхино. Ингээд Хандаа ТҮЦ-нийхээ араас хөөцөлдөж эхлэх бөгөөд эцэстээ тэмцэл болж хувирна.Тэд гэр орон болох ТҮЦ-ээ авч чадах болов уу? Энэ талаар сонирхохыг хүсвэл үзэгчид тус киноноос үзэх боломжтой.
Ж.Болор
相关新闻