Салхич шувуудыг анх удаа сансраас тоолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-05-08 14:50:13
ЛОНДОН./BBC/. Хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зургууд нь умардын салхич шувуудын тоо толгойг тодорхойлоход тусалж байна.

Устаж үгүй болох аюулд өртөөд буй эдгээр салхич шувууд нь Шинэ Зеландын хуурай газраас зүүн урагш 680 км-ийн зайд орших Чатем бүлэг арлын далайн эгц хадан хавцалд өндөглөдөг ажээ.

Өмнөд туйлыг судлагч Их Британийн мэргэжилтнүүдийн дээрх судалгаа нь амьтны тоо толгойг сансраас тоолсон анхны тохиолдол болж байгаа юм.

Амьтны тоо толгойг сансраас тоолох аргынхаа талаар эрдэмтэд Их Британийн шувуу судлалын “Ibis” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарлажээ. 

Энэ судалгааны дүн нь умардын хааны салхич шувуудыг /Diomedea sanfordi/ хамгаалахад маш чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Эдгээр шувуудын тоо толгойг ердийн аргаар нарийвчлан гаргахад туйлын хэцүү байдаг, учир нь эдгээр шувууд хүн хүрэхийн аргагүй бартаатай газарт өндөглөдөг байна. 

Үүнээс гадна эгц элгэн хадан хавцал нь Шинэ Зеландаас нэлээд хол /680км/ байдаг төдийгүй эдгээр шувуудыг судалж буй эрдэмтэн эгц элгэн хадан хавцал өөд авирч чаддаг сайн уулчин байх шаардлагатай.


“Эдгээр арлын шувуудыг тоолохын тулд арлууд руу хүмүүсийг авчирч, хөлөг онгоц эсвэл нисэх онгоц оролцуулах нь үнэтэй тусахаас гадна бас аюултай” хэмээн Антарктидыг судлах Британийн албаны ажилтан, доктор Питер Фретвелл тайлбарлалаа.

Хүмүүсийн хийх энэ ажлыг “DigitalGlobe WorldView-3” хиймэл дагуул гүйцэтгэж байна, тиймээс энэ туршилтыг дэвшил гэж нэрлээд байгаа юм.

Энэхүү хиймэл дагуул нь дэлхий дээр байгаа ердөө 30 см-ын хэмжээтэй объектын зургийг авах хүчин чадалтай. АНУ-ын Засгийн газар ийм технологийг иргэний зориулалтаар ашиглахыг дөнгөж саяхнаас л зөвшөөрчээ. Өнөөдрийг хүртэл уг технологийг зөвхөн цэргийнхан болон тусгай албадынхан ашиглаж байв.

"WorldView-3"-ийн тусламжтайгаар өндгөө дарж буй эсвэл өндөгнөөсөө хагаран гарсан дэгдээхэйнүүдээ асарч буй шувуудыг чөлөөтэй харах боломжтой юм.

Нас бие гүйцсэн салхич шувуудын биеийн урт нь 1 метр гаруй байдаг ч зураг дээр зөвхөн хоёр эсвэл гурван пикселээр харагддаг, гэхдээ эдгээр шувууд цагаан өдтэй болохоор орчны өвс ургамлын дэвсгэр дээр ялгаран харагддаг байна. Өөрөөр хэлбэл, Их Британийн эрдэмтэд зураг дээрх цэгүүдийг тоолно гэсэн үг юм.



Судлаачид тооллогын шинэ аргаа эхлээд Өмнөд Георгийн бүлэг арлын Берд арал дээр туршиж үзжээ.
Өмнөд Атлантикт байдаг энэхүү хосгүй байгалийн дархан цаазат газарт амьдардаг нүүдлийн салхич шувуудын /Diomedea exulans/ үүрэнд нь GPS-локатор байрлуулсан байна.
Чатем бүлэг арал дээр уг аргаа хэрэглэн эрдэмтэд 3600 гаруй үүр байгааг тоолон илрүүлжээ. Энэ нь 2009 онд хиймэл дагуул ашиглахгүйгээр хийсэн тооллогын дүн болох 5700 үүрнээс нэлээд цөөн байгаа юм.



"Тооллогын дүнд шувуудын тоо толгой бидний таамаглаж байснаас хавьгүй цөөн байгаа нь тогтоогдсон, энэ нь салхич шувуудын тоо толгой хорогдсон эсвэл цаг агаар онцгой муу жил болсон байж магадгүй.  Энэ нь шувуудыг олон жилийн туршид тоолох шаардлагатай гэдгийг харуулж байна. Тооллогыг хиймэл дагуулын тусламжтайгаар явуулах нь хавьгүй хямд бөгөөд илүү үр дүнтэй” хэмээн Питер Фретвелл ярилаа.
О.Барс  

 

相关新闻