Засгийн газрыг 9 яамтай ажиллуулах хуулийн төслийг татан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 12:31:55

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн шатанд Засгийн газраас хуулийн төсөл эгүүлэн татах бичиг ирүүлснийг Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав.

Засгийн газраас төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоор 2015 оны тодотгол болон 2016 төсвийн төсөлтэй хамт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн.

Дээрх хуулийн төслүүдэд Засгийн газрыг 2016 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн 9 яамтай ажиллахаар тусгасан. УИХ-ын гишүүд уг заалт нь 2016 оны сонгуулийн дараа байгуулах Засгийн газрын бүрэн эрхэд халдаж байгаа тул 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэх нь зөв гэсэн санал гарсан. Энэ нь  өнөөгийн Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай болсныг Ерөнхий сайд хуулийн төсөл татан авах бичигтээ дурьджээ.

Тэрбээр, Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн уналтаас хамааралтай эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газрын тогтворгүй байдалд орох нь муу үр дагавар үзүүлнэ. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг эгүүлэн татаж байна” гэжээ.

Түүнчлэн Засгийн газар төрийн байгуулагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албаны зардлыг бууруулах зорилгоосоо ухрахгүй бөгөөд уг асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд бичигтээ онцлон тэмдэглэжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻