НҮБ: Өмнөд Суданы хоёр сая хүүхэд орон гэрээсээ дүрвэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-08 13:17:44
ЖУБА. /Al jazeera/.  Дайн болон өлсгөлөнгийн улмаас Өмнөд Судан улсад 2 сая гаруй хүүхэд гэр орноосоо дайжсан нь хамгийн ихээр сэтгэл түгшээсэн хямрал юм гэж  НҮБ мэдэгдэв.

2013 онд Ерөнхийлөгч Салва Киир өөрийн орлогчоо огцруулсны дараа буюу зэргэлдээх Суданаас тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш хоёр жилийн дараа Өмнөд Суданд иргэний дайн дэгдсэн юм.
 
Тус улсыг яс үндсээр хуваан, мөнгөний ханшийг эрс унаган, улс үндэстнийг өлсгөлөнд автуулсан энэ зэвсэгт мөргөлдөөн нь 1994 онд Руанда улсад хүмүүсийг үй олноор нь хоморголон устгаснаас хойших Африкийн хамгийн том дүрвэгсдийн хямралыг үүсгээд байна.
 
“Өмнөд Суданы дүрвэгсдийн асуудал нь бусад хямралаас илүүтэй санаа зовоож байна” гэж Африк дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын /UNHCR/ Африк дахь төлөөлөгч Валентин Табсоба мэдэгдлээ.

12 сая хүн амтай тус улсад бараг дөрвөн хүүхэд тутмын гурав нь сургуульд явдаггүй гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдсэн байна. Сая гаруй хүүхэд Өмнөд Суданаас гарч явсан бол сая гаруй хүүхэд дотооддоо дүрвэсэн байна.

Мөргөлдөөн тулааны улмаас 1000 гаруй хүүхэд амь үрэгджээ. 

Дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг болох Өмнөд Суданд нас барсан хүмүүсийн тоог нарийн гаргах боломжгүй учраас төсөөлж байснаас хавьгүй их тоо гарч магадгүй юм. Өмнөд Суданы олон дүрвэгч хөрш зэргэлдээх Уганда, Кени, Судан, Этиоп зэрэг улс руу дүрвэсэн байна.

Х.Сарнай 
 



 
相关新闻