“Дээд боловсролын шинэчлэл” төслийн үнэлгээний баг Ховд их сургууль дээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-05 09:41:43
Ховд/МОНЦАМЭ/ БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хэрэгжилтийн үнэлгээ хийх ажлыг энэ  оны 04 сарын 28-наас 05 сарын 12-ны өдрүүдэд хамтарсан ажлын хэсэг явуулж  байна. 
Их, дээд сургууль төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгч бэлдэхэд чиглэсэн “Дээд боловсролын шинэчлэл” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг Засгийн газрын 2,22 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. Чанартай төгсөгч бэлтгэх хүрээнд их, дээд сургуулийн багш ажилтныг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа юм. 
Уг төслийн хэрэгжилтийн үнэлгээ хийхээр БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалаар ахлуулсан ажлын хэсэг Ховд их сургуульд ажиллаж, төслөөс хэрэгжүүлсэн оюутны санаачлагын таван төсөл, зайны сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 
Дээд боловсролын шинэчлэл төслөөс Ховд их сургуулийн оюутны санаачлагаар хэрэгжүүлж буй 14,999,500 төгрөгийн санхүүжилт бүхий “Дунд сургуулийн физикийн хичээлийн лабораторийн DVD бэлдэх”, “Оюутны ногоон байгууламж ба шинэ санаа, шинэлэг бүтээлийн орчин”, “Экологийн боловсрол, тулгамдсан асуудал түүнийг шийдэх арга зам”, “Газарзүйн мэдээллийн системийн клубын үйл ажиллагааг эрчимжүүлэх”, “Төгс нүүдэл” шатрын клубуудын үйл ажиллагаатай танилцаж, үр дүнгийн талаар багш, оюутнуудтай харилцан санал солилцсон юм.
 
А.Бямбасүрэн
相关新闻