Сүхбаатар зангилааны хамт олон түүхэн амжилтыг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-05-03 23:07:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүхбаатар зангилааны хамт олон дундаас жилийн ажлын үзүүлэлтээрээ гурван аварга тодорч түүхэндээ гаргаж байгаагүй дээд амжилтыг үзүүлжээ.
Өнөөдөр УБТЗ-ын хэмжээнд 80 гаруй өртөө зөрлөгүүд бүхий газарт нийт 15500 гаруй ажиллагсад ажиллаж байна гэсэн судалгаа байдаг аж. Тус байгууллагаас эдгээр ажиллагсадынхаа ажиллах урам зоригийг сэргээх, түүнчлэн ажлын хариуцлагыг нь өндөржүүлэх зорилгоор жил бүр тодорхой уриан дор зарласан жилийн ажлаа тодорхойлж аваргуудаа шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ удаа буюу 2016 оны хувьд Сүхбаатар зангилаа түүхэндээ гаргаж байгаагүй дээд амжилтыг үзүүлж чадсан байна.
2016 оныг УБТЗ-ын даргын тушаалаар “Бизнесийн орчныг хөгжүүлэх жил” болгон зарлажээ. Энэхүү зарласан жилийнхээ хүрээнд 28 мэргэжлээр аваргаа шалгаруулан дүгнэхэд Сүхбаатар зангилаанаас мэргэжлийн аваргаар гурван хүн тодорсон нь замын хэмжээнд хэзээ ч гаргаж байгаагүй амжилт гэнэ. Тус хамт олон эдгээр аваргуудаараа бахархаж бас алдаршуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.  
Жилд ганцхан удаа шалгаруулдаг шалгуур өндөртэй энэ уралдаанаас тодорч, 80 гаруй өртөө зөрлөгүүдийн 15500 гаруй ажиллагсадаа манлайлан гарч ирнэ гэдэг бол баг хамт олны эв нэгдэл, ажлын хариуцлага, хувь хүний бүтээлч чанартай салшгүй холбоотой хэмээн энэ хамт олон онцлон дүгнэж байна.
Ингээд Сүхбаатар зангилаанаас шалгарсан мэргэжлийн гурван аваргуудыг товч танилцуулъя.
Замчдынхаа үлгэр дууриалал нь болж яваа “Өртөөний жижүүр” Т.Баяртуяа
28 мэргэжлийн аварга дундаас “Өртөөний жижүүр” гэсэн тодотголтой мэргэжлийн аваргаар Сүхбаатар өртөөний жижүүр Т.Баяртуяа шалгарчээ. Тэрээр 2016 онд 305 галт тэрэг буюу 18350 вагон хүлээн авч, 295 галт тэрэг бүхий 17840 вагон явуулж, ачилт буулгалтад 566 вагон тавьж өгч, татаж авсан амжилттай ажилласан байна. Баяртуяа 1980 онд 10-р ангиа төгсч өвөөгийнхөө зааснаар Төмөр замын мэргэжил эзэмшсэн нь алдаагүй оносон аж. 1983 онд ТЗ-ын техникумыг ашиглалтын техникч мэргэжлээр суралцан төгсөөд Сүхбаатар өртөөнд хувиарлагдан ажилласнаас хойш 34 жил ажиллахдаа ажил мэргэжлээрээ хамт олон дундаа нэг биш удаа шалгарч, замчдынхаа үлгэр дууриалал нь болж ажилласаар яваа нэгэн юм.
Ачаа вагон хүлээлцэгч мэргэжлийн аваргаар Ч.Отгонсүрэн шалгарчээ
Цаг хугацааг хоромоор үнэлж тооцдог энэ газарт ажил мэргэжлийн онцлог бүхий олон мэргэжлүүд байдаг ажээ. Эдгээр мэргэжлүүд дундаас “Ачаа вагон хүлээлцэгч” мэргэжлийг онцолж байна.
Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хэн ч байсан тэр төмөр замын энэ нарийн зурвасаар дамжин өнгөрч байгаа галт тэрэг бүхнийг шалгаж ачааны норм хэмжээг нарийн баримталж ажиллах учиртай гэнэ. Энэхүү ачаа вагон хүлээлцэгч хэмээх тодотголтой эл мэргэжлийн 2016 оны аваргаар УБТЗ-ын ТҮТ-ийн Сүхбаатар салбарт ажиллах Ч.Отгонсүрэн шалгарчээ. Тэрээр өнгөрсөн 2016 онд өөрийн хариуцсан хэсэгтээ нийт 485 галт тэрэг, 2236 вагонд ачаа тээврийн үзлэг хийж хүлээн авч, бас хүлээлгэн өгч, энэ хугацаанд 375 зөрчил илрүүлж 178 зөрчлийг засч, 219 вагон пүүлсэн үзүүлттэй ажиллаж бусдыгаа хошуучилжээ.
Отгонсүрэн тус байгууллагад 1989 онд анх ажилд орж энэ цагаас хойш төмөр замын нарийн дэг жаягт хөтлөгдөж өдөр тутам хариуцсан мэргэжилдээ үнэнчээр хөдөлмөрлөж яваа гэнэ. Тэрээр цагийг нарийн баримталдаг, ажил мэргэжлээ бусдадаа зааж сургах тал дээр найдвартай зөвлөгч болж байдаг хэмээн сайшааж байв.
Удам дамжсан төмөр замчин буюу вагоны эмч Д.Шинэбаатар
Вагон үзэгч буюу вагоны эмч гэх тодотголтой энэ мэргэжил төмөр замын гол амин судас бүхий мэргэжил ажээ. Төмөр замын 28 шалгуур бүхий нарийн мэргэжил дунд энэхүү вагон үзэгчийн мэргэжил багтсан байдаг байна. Энэ мэргэжлийн шалгуур болзолыг хангаж ажилласан хүн бол Улаанбаатар дахь вагон ашиглалтын депогийн харъяа Сүхбаатар техник үйлчилгээний газарт шурган үзэгч засварчин ажилтай Д.Шинэбаатар юм.
Шинэбаатар нь өнгөрсөн онд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж нийт 25.265.230 вагон/км ажил хийж гүйцэтгэжээ. Тэрээр 2016 онд 294 галт тэрэг хүлээн авч, 574 галт тэрэг явуулсан байна. Энэ хугацаанд нийт 54355 вагон үзэж, 120 вагон ачилтад бэлтгэж, 435 вагоныг салгалтгүй урсгал засварт оруулж ажилласан нь мэргэжил нэгт хамт олноосоо шалгарч чадсан байна. Д.Шинэбаатар аварга аавынхаа мэргэжлийг өвөлж удам дамжсан төмөр замчин болоод 20 дахь жилийнхээ босгон дээр ажиллаж яваа Сүхбаатар зангилааны ууган ажилчдын нэг, бас тэргүүний сайн төмөр замчдын нэг ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻