УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тусгай сургуулиудад ажиллав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Д.Хаянхярваа өчигдөр Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургууль болон Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургуульд ажиллав.
Тусгай сургуулиудын удирдлагууд болон багш нар бүтэц орон тоо дутагдалтай, үдийн цай хөтөлбөр Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд хэрэгжихгүй байгаа, ном сурах бичиг хүрэлцээгүй, нэг багшид ногдох хүүхдийн тоо стандартаас хэтэрсэн, цалин урамшуулал бага, багш нарыг дахин сургаж, мэргэшүүлэх шаардлагатай, нарийн мэргэжлийн багш нарыг бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зөөвөрлөдөг автобус шатахууны санхүүжилт байхгүйгээс түр зогссон зэрэг бэрхшээл, тулгамдсан асуудлыг хэлж байлаа.
Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургууль 1975 онд байгуулагдсан бөгөөд 40 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус сургуульд 200 гаруй оюун ухааны хомсдолтой буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг байна. 63 дугаар тусгай сургуулийн захирал С.Эрдэнэбаатар сургуулийн үйл ажиллагааны талаар танилцуулаад энэ оны санхүүжилт дутуу орж ирснийг УИХ-ын гишүүнд дуулгаж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан тусгай сургуулиудад газар дээр нь ирж, анхан шатны, халуун цэг дээр ажиллаж байгаа багш ажилтнуудын саналыг сонсож байгаагаа дуулгаад, гарсан саналуудыг нэгтгэн тус байнгын хороонд танилцуулж, 2015 оны төсвийн тодотгол болон 2016 оны төсөвт суулгах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн тусгуулах талаар ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Баянгол дүүргийн 70 дугаар тусгай сургууль нь Сонгинохайрхан болон Баянгол дүүргийн нийт 237 сурагчтай, 53 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ үеэр багш, ажилтнууд тус салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, багш ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн саналыг мөн хэлж байв.