Америкийн иргэнийг баривчилсан гэдгээ БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-03 16:45:54
ПХЕНЬЯН./TASS/. АНУ-ын иргэнийг өөрийн улсын нутаг дэвсгэрт баривчилсан гэдгээ БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдлээ. Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснийг үзвэл, АНУ-ын иргэн Ким Сан Докийг Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудалд байхад нь баривчилжээ.

КСNA агентлагийн мэдээнд дурдсанаар, Ким Сан Докийг баривчилсан шалтгаан нь БНАСАУ-ын эсрэг чиглэсэн дайсагнасан ажиллагааг тэрбээр өмнө нь ч, мөн сүүлийн үед тус улсад ирэхдээ ч явуулж байсантай холбоотой аж.

Ким Сан Док нь Пхеньяны Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багшлахаар уригдан ирсэн хүн юм. Түүнийг баривчилсан болохыг БНАСАУ-д АНУ-ын эрх ашгийг төлөөлдөг Шведийн элчин сайдын яам 4 дүгээр сарын 24-нд мэдэгдсэн байна. Харин Умард Солонгосын хэвлэлүүд энэ талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл цацаагүй байсан юм.
Х.Сарнай 
相关新闻