Дундговийн нутаг дахь түүх соёлын 23 дурсгал улс, аймгийн хамгаалалтад байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-03 16:27:33
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай түүх, соёлын үл хөдлөх 7 дурсгал хадгалагддаг. Тодруулбал, Адаацаг сумын нутагт орших Сүм Хөх бүрдийн балгас, Баянжаргалан сумын Хүрэн духын палеонтологийн дурсгалт газар, Гурвансайхан сумын Ярх уулан дахь хуучин чулуун зэвсгийн үеийн бууц, Өлзийт сумын Баруун билүүт уулан дахь хадны зураг, руни бичиг, мөн Дэл уулын Хамар ус, Гучин хоёр хүн хөшөөт дэхь хадны зураг, буган чулуун хөшөө цогцолбор дурсгал, Эрдэнэдалай сумын төвд орших Угтаал Сангийн далай хийдийн Цогчин дуган, мөн тус сумын нутаг Цагаан- Овоод  орших Үнстийн хийдийн цогчин дуган Улсын тусгай хамгаалалтад орсон байдаг.
Харин аймгийн тусгай хамгаалалтад Адаацаг сумын нутаг дахь Зуутын хийдийн хоёр дуган, Баянжаргалан сумын Саруулын бичигт хад, Дэлгэрхангай сумын Хархашаатын амны хадны зураг, Дэлгэрцогт сумын Бага газрын чулууны Хүннүгийн үеийн булш, Сайхан-Овоо сумын Онгийн хийдийн туурь зэрэг 16 дурсгал багтсан юм. Улс, аймгийн тусгай хамгаалалттай түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор баталсан байдаг бөгөөд үүнд дээрх 23 дурсгал багтжээ.
Үүн дээр нэмээд аймгийн ИТХ сумын тусгай хамгаалалтад авах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг 2017 оны 18 тоот тогтоолоор баталсан. Жишээлбэл, Сайнцагаан сумын Ламын цохионы бурханы зураг, Мөнх тойн уулын булш, Цагаандэлгэр сумын Баруун Чойрын хийд, Бортрогийн хэрэм, Өлзийт сумын Хөх толгойн бууцны палеонтлогийн дурсгал, Өндөршил сумын Хараат уулын зосон зураг зэрэг гол төлөв эртний булш хиргисүүр, хадны зураг, бичээс, тахилын онгон бүхий 290 дурсгалыг 15 сумын тусгай хамгаалалтад оруулж байна. Жагсаалтад баталснаар хамгийн багадаа Сайхан- Овоо сумын нутагт 9 дурсгал, хамгийн олондоо Сайнцагаан сумын нутагт 44 дурсгал хадгалагдаж байна.
 
Т. Отгонтуяа 
 
相关新闻