Ханхүү Уильямын эхнэрийн гэрэл зургийг нийтэлсэн шар сонинуудаас 1,5 сая евро нэхэмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-03 13:39:11
ЛОНДОН./BBC/. Ханхүү Уильямын эхнэр Кейтийн авахуулсан цээж нүцгэн гэрэл зургийг нийтэлсэн Францын хоёр шар сониноос Британийн хатан хааны гэр бүл 1,5 сая евро нэхэмжилжээ.

Францын “Closer” болон “La Provence” сонинд 2012 оны 9 дүгээр сард Кембрижийн гүнтний ахайтны усан сангийн дэргэд цээж нүцгэн авахуулсан зургуудыг нийтэлсэн аж. Эдгээр зургуудыг Кембрижийн гүнтэн эхнэрийн хамтаар үеэл ах Уильям лорд Линлигийн Франц дахь шилтгээнд нь зочлон амарч байх үед нь авсан байна.

Эдгээр гэрэл зургуудыг нийтэлсэн нь британичуудын ихээхэн дургүйцлийг төрүүлсэн ба Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эдгээр зургийг нийтлэхээс татгалзаж байв.

Хааны гэр бүлийнхэн мөн ийм гэрэл зураг нийтлэгдсэнд бухимдан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нийтлэлтэй холбоотойгоор бусдын хувийн амьдралын халдашгүй байдалд халдсан гэх хэргээр Францын шүүхэд зургаан хүн татагдсан ба тэдний дотор Closer-ийн редактор, La Provence сонины эзэн, мөн гэрэл зурагчид байгаа юм.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, хариуцагчдын өмгөөлөгч Пол Альберт Ивейнс эдгээр гэрэл зургууд нь хос хоёрыг “эерэг өнцгөөс” харуулсан гэж мэдэгдэхийн сацуу хохирол нөхөн төлүүлэх талаарх Англи-Саксоны эрх зүйн үндэслэлийг шүүмжилжээ.

“Closer” сэтгүүлийн редактор Лоранс Пио өмнө нь ярихдаа "эдгээр гэрэл зургуудыг нийтэлсэний хор уршиг гэхээр зүйлийг олж харахгүй байна, мөн үүнийг “цочирдмоор зүйл гэж үзэж огт болохгүй” гэж байв.

Кембрижийн гүнтэн ба түүний эхнэрийн өмгөөлөгчийн хэлснээр, эдгээр гэрэл зургуудыг нийтэлсэн нь ялангуяа Уильям ханхүүд маш хүндээр тусч байгаа, учир нь папараццчид түүний ээж Диана гүнжийг мөшгиж байсан билээ.

Папараццчид Диана гүнжийн үхэлд буруутай гэж олон хүн үздэг, учир нь осол гарах үед Диана гүнжийн сууж явсан автомашины жолооч сурвалжлагчдаас зугтахын тулд асар их хурдтай явж байжээ.
О.Барс 

 

 

相关新闻