Америкийн бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгосын дээгүүр хоёр удаа нислэг үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын агаарын цэргийн хүчний “В-1В Lancer” стратегийн бөмбөгдөгч онгоцууд сүүлийн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлджээ. Энэ тухай CNN телевиз Пентагоны эх сурвалжийг иш татан мэдээллээ.
Тус телевизийн мэдээлснээр, Америкийн хоёр бөмбөгдөгч онгоц БНСУ-ын нутаг дэвсгэр дээгүүр 4 дүгээр сарын 26-нд, дараа нь 5 дугаар сарын 1-нд хоёр ч удаа нислэг үйлджээ. Энэ хоёр нислэгийг эртнээс төлөвлөж байсан бөгөөд бүс нутгийн түгшүүртэй байдлыг хурцатгахгүй байх үүднээс энэ талаар урьдчилан мэдэгдэхгүй байхаар шийдсэн аж.
Өмнө нь зөвхөн 5 дугаар сарын 1-нд ниссэн гэж мэдээлж байсан юм. “Даваа гарагт “В-1В Lancer” бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгос, Японы агаарын цэргийн хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийхээр Гуам дахь "Андерсен" агаарын нисэх хүчний баазаас хөөрлөө” гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний Номхон далайн командлал даваа гарагт мэдэгджээ.
Эдгээр нисэх онгоцуудыг БНСУ руу илгээсэн нь “Ази-Номхон далайн бүс нутагт оролцоог дэмжих ердийн ажиллагаа” бөгөөд “ямар нэгэн тодорхой нөхцөл байдал эсвэл тодорхой улс оронтой холбоогүй” гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.
Үүнтэй холбоотойгоор Умард Солонгосын мэдээллийн KCNA агентлагийн гаргасан мэдэгдэлд “БНАСАУ-ын арми Америкийн империалистуудын цэргийн ажиллагааг сонор сэрэмжтэй ажиглан харж байна, хэрвээ АНУ дайн өдөөх аваас бид тогтоон барих цөмийн хүчээ ашиглан хариу цохилт өгөх болно” гэж дурджээ.
Уг мэдэгдэлд “Солонгосын Ардын арми хатуу анхааруулгыг мартахгүй байхыг” Вашингтонд сануулсан байна.
О.Барс