"Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-01 15:52:49
ВАШИНГТОН. /Reuters/. Жил бүрийн тавдугаар сарын 1-ний энэ өдөр  “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” буюу “Майн нэгний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий даяар жагсаал цуглаан хийдэг билээ.

Олон улс оронд “Майн баяр”-аар бүх нийтээр амардаг бөгөөд хөдөлмөрчид өөрсдийнхөө эрх ашгийг төлөө жагсдаг. 

“Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх болсон түүх нь америкчууд ажлын цаг хэт урт, ажиллах орчин нөхцөл муу, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийсэн өдөр буюу 1886 оны тавдугаар сарын 1-нээс эхтэй. Энэ өдөр Америкийн үйлдвэрчний эвлэлүүд олныг хамарсан жагсаал хийж, ажлын  цагийг 8 болгон богиносгохыг шаардан тэмцэж эхэлжээ.

Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчид тэмцлээ өргөжүүлж, тавдугаар сарын 4-нд үл мэдэх нэгэн хүн Чикаго хотын Хеймаркетын талбайд бөмбөг тэсэлсний улмаас олон цагдаа амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаж байжээ.

Хариуд цагдаа нар эсэргүүцэгчид рүү гал нээж, дөрвөн жагсагчийн аминд хүрчээ. Үүний дараа амиа алдсан дөрвөн жагсагчийн дурсгалыг хүндэтгэн, жагсаал хийж эхэлсэн өдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ.

Өнөөдөр АНУ-ын Нью-Йорк, Чикаго, Сиэтл, Вашингтон зэрэг томоохон хотуудад олныг хамарсан жагсаал цуглаан болох ажээ.

Мөн ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд яг одоо хэдэн мянган хүн “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан жагсаал хийж байна.


Жагсаалд хэдэн мянган хүн, тэдний дотор хотын дарга Сергей Собянин оролцож байна.

Тэд “зохистой хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, амьдрал!” гэсэн уриа лоозон барьжээ.
Г.Доржханд
 


相关新闻