Дэлхийн хүн амын тоо 7.5 тэрбумаас давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-27 12:58:10
НЬЮ-ЙОРК. /theguardian/. Worldometers.info цахим хуудасны "Дэлхийн хүн амын цаг" /World Population Clock/ гэсэн үзүүлэлтээр манай дэлхийн хүн ам 7.5 тэрбумын босгыг давжээ.

Worldometers байгууллага нь НҮБ, ДЭМБ, Дэлхийн Банк зэрэг баталгаат эх сурвалжуудаас авсан тоо баримт дээр үндэслэн дэлхийн хүн амын тоог гаргадаг байна.
 
Дэлхийн хүн амын тоо 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 7.5 тэрбумаас давсан бөгөөд 2017 он гарснаас хойш 25 саяар нэмэгдсэн байна.

АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээнээс үзэхэд, дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 30 болон түүнээс доош насны залуучууд байна. Нигери улс хамгийн залуу улс гэж тооцогдож байгаа бөгөөд тус улсын 189 сая хүн амын талаас илүү хувь нь 15-аас доош насны хүүхдүүд юм.

Харин Монако улс "хамгийн хөгшин улс" бөгөөд тус улсын хүн амын талаас илүү хувь нь 50-иас дээш насныхан ажээ.

НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээг харахад, дэлхий дээр амьдарч байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 65 саяар илүү байна. Самоа улсын хувьд нэг эмэгтэйд 1.36 эрэгтэй ногдож байгаа үзүүлэлтээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тооны ялгаа хамгийн ихтэй улс болов. Харин Гаити улсад нэг эмэгтэйд 1.01 эрэгтэй ногдож байна.
 
Хятад бол хамгийн олон хүн амтай улс бөгөөд засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улс 1.385 тэрбум гаруй хүн амтай болжээ. Харин ирэх 5 жилийн дотор Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэх төлөвтэй байна.

Энэтхэг улсын хүн ам жил бүр 15.7 саяар өсч байгаа нь дэлхийн хүн амын жилийн дундаж өсөлтийн 20 гаруй хувь нь болж байна гэсэн үг юм.
 

Х.Сарнай 

 

 
相关新闻