Залуу тариаланчдын хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-27 12:25:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 350 гаруй ААН, 320-иод иргэд, 3000 гаруй ногоочин газар тариалангийн салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна. Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын газар тариалангийн бүтээгдэхүүний 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг чухал үүрэг хүлээсэн ард түмэн. Одоо хаврын тариалалтын нөр их ажил хаяанд ирсэн энэ үед Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас 2017 оны хаврын тариалалтын зөвлөлгөөнөө хийж, 2017 оны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, технологийн талаарх санал бодлоо солилцлоо.
Энэ сарын 24-ны өдөр зохион байгуулсан уг зөвлөлгөөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд болж, Сэлэнгэ аймгийн 17 сумын ХАА-н тасгийн агрономчид, ногоочид, тариаланчид зэрэг 150 гаруй хүн оролцсон байна. 
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-эрдэнэ зөвлөлгөөнд оролцогчдод хандаж мэдээлэл өглөө. Тэрээр:-“ Энэ жилийн хувьд Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа гол бодлого бол төмс, хүнсний ногоо тариалагчдад дэмжлэг үзүүлэхээр болсон. Тухайлбал жимс жимсгэнэ хөтөлбөр, төмс, хүнсний ногоо хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд төмс, хүнсний ногооны борлуулалтын сүлжээг боловсронгуй болгох, мөн хадгалах агуулах савны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Атрын гурав дахь аяныг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ ажлын төлөвлөгөө ч гарсан байгаа. Энд тодорхой хэмжээний ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тухайлбал техникийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Мөн үр сортын бодлого үрийн шинэчлэлийг сайжруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногооны хангамжийг дээшлүүлж, нэр төрлийг олшруулах, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн тариаланчдын залуу халааг бэлтгэх, залуу тариаланчдын хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжих зорилгоор "Залуу тариаланч" төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бас газар тариалангийн техник технологийн ажлыг үргэжлүүлнэ. Үүнд техникийн шинэчлэлд татварын бодлого, санхүүгийн арга хэрэгслэлээр дэмжихээр тусгасан. ХАА-н зориулалттай трактор, комбайн, ургамал хамгааллын бордоог гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралд оруулаад, УИХ-д өргөн бариад байна. Сэлэнгэ аймгийн тухайд газар тариалангийн голлох бүс нутгийн нэг. Иймээс Сэлэнгийн хувьд эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутгийг тогтоох асуудал тулгамдаад байна. Үүнийг аймгийн ИТХ-ын шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагад уламжлаад тариалангийн бүс нутгийг тогтоох боломжтой юм. Энд тариалангийн тухай хуульд тодорхой тусгагдаж, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Гол нь орон нутгийн ИТХ-ын тогтоолыг үндэслээд ХХААХҮЯ, болон газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, БХБЯ-тай хамтраад Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхэд боломжтой. Үүнийг дороосоо сумын, аймгийн ИТХ-ууд холбогдох асуудлуудаа оруулж нэн түрүүнд шийдвэрлүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа. 
Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Ш. Оргил, хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ж. Сайнцог, аймгийн Хөрөнгө оруулалт Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А. Эрдэнэгэрэл, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, МХГ-ын дарга Ж.Отгонхүү, Ус, цаг уур орчны шинжилгээний албаны дарга М.Рэгзэдмаа, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Газар тариалангийн секторын эрхлэгч Доктор Ж.Намбар нар урилгаар оролцлоо. 
2017 онд манай аймаг нийт 166.067 га талбайд тариалалт хийхээс 138.000 га улаанбуудай, 2300 га бусад үр тариа, 6800 га тэжээлийн ургамал, 11791 га тосны ургамал, 3291 га төмс, 2462 га хүнсний ногоо тариалах, 129.600 га уринш бэлтгэхээр төлөвлөжээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻