Кубад Google-ийн серверүүд ажиллаж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГАВАНА./TASS/. Куба улсын нутаг дэвсгэрт байрлуулсан Америкийн “Google” интернет компанийн серверүүд лхагва гарагт дэлхий дахины интернет сүлжээнд холбогдон ажиллаж эхэллээ. Энэ тухай Майами хотод испани хэл дээр гардаг “El Nuevo Herald” сонинд мэдээлжээ.
Эдгээр серверүүдэд компанийн хамгийн түгээмэл контентууд хадгалагдах юм. Серверүүд ажиллаж эхэлснээр Кубын хэрэглэгчид “Youtube”, Gmail зэргийг өмнөхөөс хавьгүй хурдан нэвтэрч ашиглах боломжтой болж байгаа юм. “El Nuevo Herald” сонинд бичсэнээр, “Google” компани нь тус арал дээр өгөгдлүүдээ хадгалж эхэлсэн гадаадын хамгийн анхны интернет компани болжээ.
Кубын иргэдийг Google-ийн интернетийн сүлжээнд холбох тухай хэлэлцээрт өнгөрсөн оны 12 дугаар сард Гавана хотноо Кубын харилцаа холбооны ETECSA компанийн ерөнхийлөгч Майра Аревич, Google-ийг эзэмшигч “Alphabet” корпорацийн тэргүүн Эрик Шмидт нар гарын үсэг зурсан байна.
Куба дахь интернетийн сүлжээний өнөөгийн байдал
Хэдийгээр эрх баригчид хүчин чармайлт гаргасаар байгаа боловч Куба улс интернет сүлжээний тархалтын түвшнээр дэлхийд хамгийн хойгуур ордог орнуудын нэг хэвээр байна. Тус улс Венесуэлиэс татсан шилэн кабелиар дэлхийн интернет сүлжээнд холбогджээ. Кубын интернет сүлжээ нь дэлхийд хамгийн удаанд тооцогддог байна.
3 дугаар сард тус улсад интернетийг орон сууцны байруудад тавих төслийг хэрэгжүүлж дуусчээ. Одоогийн байдлаар ийм үйлчилгээг түүхэн дурсгалт газрууд ихтэй Хуучин Гавана хотын ердөө хэдхэн зуун хүн ашиглах боломжтой аж. Үүнээс өмнө гэрийн интернетэд эмч, сэтгүүлч, их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг хүмүүс холбогдох боломжтой байсан юм.
2015 онд Кубын “ETECSA” компани олон нийтийн газруудад утасгүй холбооны тоног төхөөрөмжийг суурилуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар, тус улс даяар мянга орчим интернэтийн бүс байдгаас 60 нь Гаванад байдаг. Wi-Fi-д холбогдохын тулд Кубын иргэд тусгай карт авах ёстой бөгөөд түүнийг ашиглан нэг цагийн хугацаагаар интернетэд ороход 2 долларын үнэтэй гэнэ.
О.Барс