Тогоогийн рашааныг аймгийн тусгай хамгаалалтад авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-26 16:04:43
Дундговь/МОНЦАМЭ/ Дотрын өвчин эмгэг анагаахад тустай Тогоогийн рашаан хэмээн нэрлэгддэг, ойр орчимд нь маш сайн чанарын хужир ургаж, нутгийн ард иргэд хэрэглэж заншсан нэгэн рашаан Мандалговиос зүүн тийн 40 орчим км- т  бий. Үүнийг аймгийн тусгай хамгаалалтад авав.
Аймгийн ИТХ- ын 4 дүгээр хуралдаанаар Сайнцагаан сумын нутаг дахь Тэвшийн уул, тэр орчмын 686.4 га газрыг түүхийн дурсгалт газрын ангилалаар, Суман хайрхан, Тогоогийн рашааны 49 мянган га газрыг байгаль, түүхийн дурсгалт газрын ангилалаар 15 жилийн хугацаатайгаар аймгийн тусгай хаамгаалалтад авах шийдвэрийг гаргасан юм.
Дундговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувь нь тусгай хамгаалалттай. Үүн дотроо 21 хувь буюу 104 газрыг сумын тусгай хамгаалалтад, 6.8 хувь буюу 4 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.Дээрхи шийдвэр гарснаар Дундговь аймаг аймгийн тусгай хамгаалалттай 16 газартай, энэ нь нийт тусгай хамгаалалттай газрын 2.2 хувийг эзэлдэг болж байна.   
“Аймгийн тусгай хамгаалалтад авлаа гээд энэ бүс нутгийг бэлчээрээс чөлөөлж байгаа гэсэн хэрэг биш. Малын бэлчээрийн зориулалтаар ашиглагдах нь хэвээр байна. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэхээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байгаа” гэж аймгийн БОАЖ- ын газрын дарга Н. Гантулга хэллээ.  Аймгийн тусгай хамгаалалтад авсан газарт байгаль хамгаалагч томилон хамаалалтын горим мөрдүүлж ажиллах, эдгээр газраас улсын тусгай хамгаалалтад оруулах талаар санал боловсруулж, аймгийн ИТХ- аар хэлэлцүүлэн Засгийн газарт уламжилж байхыг ИТХ- ын тогтоолоор аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгов.
 
Т. Отгонтуяа 
 
 
相关新闻