Хамтын ажиллагааны цогц систем бүхий цахим хуудасны сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-25 18:31:19
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндэсний портал сайт khural.mn цахим хуудасны ашиглалт, баяжуулалт, сайтын хөтлөлт, хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг сумдын Хурлын Нарийн бичгийн дарга нарт зориулсан цахим хуудасны сургалт энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.
Сургалтанд Сэлэнгэ аймгийн 17 сумын Хурлын нарийн бичгийн дарга буюу Khural.mn цахим хуудасны админууд хамрагдсан байна. Тэд системийн танилцуулга, үндсэн болон дэд цахим хуудсууд, удирдлагын цахим хуудас, мобайл аппликэшн, имэйл систем болон цахим хуудасны мэдээ бэлтгэх зэрэг арга зүйд суралцжээ. Сургалтыг Khural.mn цахим хуудсыг зохиогч “Идеа Девелопмент” компанийн сургагч багш Н.Батцэрэн удирдан явуулж, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ажлын албанаас сургалтыг зохион байгуулсан байна. Эл системийг 2014 оноос бүх аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл идэвхтэй ашиглан мэдээ мэдээллээ солилцон, харилцан туршлага судлах зэргээр ашиглаж байгаа аж.
Энэхүү Монгол улсын бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндэсний портал сайт khural.mn-ийг Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс хамтран бий болгожээ. Энэ нь Улаанбаатар хот, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зориулсан мэдээ мэдээлэл, хамтын ажиллагааны цогц систем юм байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻