“Миний Монгол бичиг” уралдааны шилдэг оролцогч Байгаль далайд аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-25 17:48:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд “Монгол бичгийн нийгэмлэг” хамтран зохион байгуулсан Монгол бичгийг олон түмэнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Миний Монгол бичиг” улсын уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. 

Хоёр дахь жилдээ болж буй тус уралдаанд 500 оюутан, сурагч, 200 гаруй насанд хүрэгсэд оролцсоноос шилдэг 28 оролцогчийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Сурагч, насанд хүрэгсэд, мэргэжлийн багш  гэсэн ангиллаар болсон тус уралдааны шилдгээр Бүтээлийн төрөлд "Хөх бичиг" төвийн уран бүтээлч Ш.Гэрэлсайхан Ардын уран зохиолч СГЗ Т.Галсангийн “Монгол соёлын алтан ганжир” хэмээх Монгол бичгээ магтан дуулсан дөрвөн мөрт шүлгээр тэргүүн байр эзлэв.

Насанд хүрэгчдийн ангилалд Д.Батнасан, мэргэжлийн багш нарын ангилалд Г.Оюунгэрэл, 7-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд Г.Анударь, 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд Д.Дөлгөөн нар тус тус нэгдүгээр байр эзэлсэн юм. Шилдгийн шилдгээр шалгарсан Завхан аймгийн Асгат сумын ЕБС-ийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Золзаяа  “Итгэлт хамба-Байгаль далай”-гаар аялах эрхийн бичгээр шагнууллаа.

Энэхүү улсын уралдааныг цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулахаар болов.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻