Сэлэнгэд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-25 13:55:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд мөрдөх хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэд, хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор үндсэн зарчмуудыг тохиролцож байгуулсан хамтын хэлэлцээрийг баталгаажуулж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Саранцэцэг, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Н.Энэбиш нар гарын үсэг зурлаа.
Эл хамтын хэлэлцээрийн гол ач холбогдол нь аймгийн иргэд хөдөлмөрийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.  
Энэхүү хамтын хэлэлцээрт хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах, үйлдвэржилтийг дэмжих бодлого, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний хөгжлийн зэрэг олон асуудлыг тусгажээ. Энэ жилийн гурван талт хэлэлцээрт өмнөх жилүүдээс нэлээд хэдэн онцлог бөгөөд шинэлэг ажлууд тусгагдсанаараа онцлогтой гэнэ.
Энэ талаар гурван талт нийгмийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн дарга Б.Нарантуяагаас тодрууллаа. Тэрээр ”Энэ удаагийн хэлэлцээрт өмнөх жилүүдэд тусгагдаагүй олон зүйлүүд бий. Тухайлбал Сэлэнгэ аймгийн  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих тал дээр аймгийн Засаг дарга нэлээд олон санал санаачлагыг олон нийтийн түвшинд гаргаж ирсэн. Энд Сэлэнгэд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг зах зээлд улам эрэлт хэрэгцээтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц болгох талаар онцгойлон тусгасан хэд хэдэн заалт орууллаа. Жишээ нь аливаа байгууллагын шагнал урамшуулалд Сэлэнгийнхээ брэнд бүтээгдэхүүнийг оролцуулж шагнадаг байх, ЕБС-ийн бага ангийн сурагчдын дүрэмт хувцсыг Сэлэнгэ аймгийнхаа оёдолчдын холбоо буюу аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж оёулдаг байх гэх мэт. Гэхдээ бидний хйисэн судалгаагаар Сэлэнгэ аймгийн хэмжээний ЕБС-д суралцагчдын дүрэмт хувцсыг аймаг дангаараа үйлдвэрлэх боломж байхгүй юм билээ. Иймээс эхний ээлжинд бага ангийн сурагчдыг гэдэг байдлаар оруулж өгсөн. Мөн бас нэг чухал заалт гэвэл энэ гэрээний хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын жишиг, ямар үр дүнд хүрсэн талаар туршлага судлах, зорилтыг нэлээд сайн тусгаж өглөө. Хэрвээ цаг үеийн байдлаас шалтгаалаад ямар нэгэн байдлаар гурван талтын зүгээс мэдээ мэдээллийн боломж, дээрээс нь тухайн гурван талтын эрх зүй болоод эрх зүйн орчны хувьд өөрчлөлт орсон тохиолдолд эргээд энэ хамтын хэлэлцээртээ өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой байгаа. Ерөнхийдөө энэхүү гэрээг байгуулахаасаа өмнө бид нэлээд хэдэн удаа салбар хуралдааныг зохион байгуулсан. Аймгийн гурван талт нийгмийн Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн дарга гэдэг утгаараа миний бие нэлээд ажил хэрэгч уулзалтыг 3-4 удаа зохион байгуулсан байгаа. Үүний үр дүнд өнөөдөр энэ хамтын хэлэлцээрийг эцэслэн гарын үсэг зурж баталгаажууллаа. Хамгийн гол үүсгэл санаачилга нь аймгийн ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоодын гаргасан үндсэн төсөл юм. Энэхүү төсөл дээр төрийн байгууллагууд ажиллаж, төрийн байгууллагуудаас оруулж ирсэн саналыг эргүүлээд ҮЭХ, АОЭХ-оод маань эргэн ярилцан эцсийн байдлаар аймгийн Засаг даргад танилцуулсан байгаа. Ингээд нийтдээ 4 үе шаттайгаар энэхүү хамтын хэлэлцээр байгуулагдлаа” хэмээлээ.             
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай “Засгийн газрын 2013 оны 370-р тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг 2 жил тутам байгуулж, хэрэгжилтийг ханган ажилладаг юм. Өнгөрсөн 2015-2016 онд энэхүү Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг “Зохист хөдөлмөр, эрхлэлтийг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор 6 бүлэг 65 зүйлтэйгээр баталгаажуулж, хэрэгжилтийг 91 хувийн биелэлттэйгээр ханган ажиллажээ. Тэгвэл энэ 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг “Хамтын хүчээр эх нутгаа хөгжүүлье” уриан дор, 6 бүлэг 96 заалт бүхий асуудлыг хэлэлцэн баталлаа.  
Ч.Отгонцэцэг
 
相关新闻