Бразил болон Испанийг шилэн кабелиар холбоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./Reuters/. Бразил болон Испани улс Атлантын далай дундуур шилэн кабель татахаар тохиролцжээ. Энэ тухай даваа гарагт Испанийн Засгийн газрын тэргүүн Мариано Рахой мэдэгдлээ.
Тэрбээр өчигдөр Бразил улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Мишель Темертэй уулзжээ.
“Энэ төсөл бол зөвхөн Бразил, Испанийн компаниудын хамтарсан төсөл биш, энэ бол хоёр тивийг холбох төсөл юм. Энэ төсөл нь стратегийн асар их ач холбогдолтой” гэж Испанийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
АНУ-ыг тойруулан шилэн кабель татах энэ төсөл нь дөрвөн жилийн өмнөөс дахин яригдах болсон аж. Тухайн үед Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Руссеффийн телефон утасны яриаг америкчууд чагнаж байсан талаарх нууц мэдээллийг Америкийн тусгай албаны ажилтан Эдвар Сноуден нийтэд дэлгэсэн юм.
Мадрид болон Сан-Паулу хотыг холбох Ellalink гэдэг шилэн кабелийн урт нь 9200 км, нэвтрүүлэх хүчин чадал нь 72 терабит/сек байх аж. Энэ кабелийг тавьснаар Өмнөд Америкийг бусад тивүүдтэй холбож буй өнөөгийн харилцаа холбооны боломж 7 дахин нэмэгдэх юм. Шилэн кабелийг Мадейра арал, Канарын арлууд, Кабо-Верде арлыг дайруулан тавих аж. Харин хэдий хэмжээний өртгөөр кабель тавих талаар дурдаагүй байна.
Х.Сарнай