Лондонгоос Хятадыг зорьсон анхны чингэлгийн галт тэрэг Казахстаны нутгаар дамжин өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-04-25 13:25:51

АСТАНА. /КАЗИНФОРМ/. Лондон-Иу чиглэлд ачаа тээвэрлэх хамгийн эхний чингэлгийн галт тэрэг Казахстаны нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн тухай “Қазақстан темір жолы” хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн алба мэдээллээ.

Уг галт тэрэг Лондон хотын “DP World London Gateway” зогсоолоос Хятадын логистикийн хамгийн том төв болох Иу хотыг зорин хөдөлсөн байна. Энэ чингэлгийн галт тэрэг Ла-Маншийн хоолойгоор гарч, Франц, Бельги, Герман, Польш, Беларусь, ОХУ, Казахстанаар нутгаар дамжин Хятадад хүрэх юм.

KTZ Express” хувьцаат нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Карл Гейссен ярихдаа “Казахстан улсын тээвэр-логистикийн дэд бүтцийн хүчин чадал нь бараа хүргэх хугацааг 2 дахин богиносгох боломжийг олгож байна. Тухайн чиглэлд барааг далайгаар тээвэрлэсэн тохиолдолд 36-38 хоногийн хугацаа шаардлагатай” гэлээ.

Түүний дүгнэн хэлснээр “Хятад-Европын хооронд явж буй ачааны галт тэргүүд нь “Нұрлы жол” хөтөлбөр болон “Нэг бүслүүр-Нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм".

Сануулан дурдахад, өргөн хэрэглээний бараа ачин Хятадаас хөдөлсөн анхны галт тэрэг энэ оны 1 дүгээр сарын дундуур Лондонд ирсэн билээ. Харин энэ удаад Британид үйлдвэрлэсэн 32 чингэлэг өргөн хэрэглээний бараа ачсан галт тэрэг Лондонгоос Иу хот хүртэлх 12 мянган км зайг 20 хүрэхгүй хоногт туулсан байна.

Х.Сарнай

 

 

相关新闻