Өмнөд Солонгост зоосон мөнгийг хэрэглээнээс гаргахаар туршилт явуулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-04-25 12:02:08
СӨҮЛ. /BBC/. Бараг хэрэглэгдэхээ больсон зоосон мөнгийг гүйлгээнээс гаргах туршилтыг Өмнөд Солонгост явуулж эхэлжээ.

Худалдан авалт хийсний дараа хариулт мөнгө болгон өгсөн зоосон мөнгийг иргэдийн тээврийн хэрэгслээр зорчих урьдчилсан төлбөрт карт руу шилжүүлэх туршилтыг мягмар гарагаас эхлэн зарим дэлгүүрүүдэд хэрэгжүүлж эхэлсэн тухай Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Энэ нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийсний дараа хэрэглэгчид халаасандаа зоосон мөнгө авч явах хэрэггүй болж байна гэсэн үг гэж Өмнөд Солонгосын Төв банк /Bank of Korea/ мэдэгдлээ. Дээрх туршилтыг томоохон дэлгүүрүүдэд явуулж эхлүүлж байгаа бөгөөд хэрэв туршилт амжилттай болвол ирэх жилээс эхлэн зоосон хариулт мөнгийг банкны данс руу шууд шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа тус банкны албаны хүмүүс дурдлаа.

Korea Herald сонинд бичсэнээр, нийт хүн амын гуравны хоёр нь халаасандаа зоосон мөнгө авч явахаа нэгэнт больсон бөгөөд тэдний тэн хагасаас илүү нь зоосон мөнгөгүй нийгмийг дэмжиж байгаа нь Төв банкны судалгаагаар тодорхой болжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон өөр нэг шалтгаан бол  зоосон мөнгө үйлдвэрлэх зардал нь зоосон мөнгөний үнэлгээнээс давж байгаа явдал аж. Хамгийн бага нь болох 10 воны зоосон мөнгө нь Британийн хагас пеннитэй тэнцдэг бол хамгийн том зоос болох 500 воны зоосон мөнгө нь ойролцоогоор 35 пенни буюу 44 центтэй тэнцдэг.

Банкны мөнгөн дэвсгэртүүдийн хамгийн бага нь 1000 воны дэвсгэрт байдаг. 2016 онд  БНСУ зоосон мөнгө үйлдвэрлэхэд зориулан 53.7 тэрбум вон /47 сая ам.доллар/ зарцуулсан тухай Bank of Korea мэдээлсэн байна.

Туршилтыг санаачилсан албаны хүмүүсийн нэг болох Ча Хён Жин хэлэхдээ "хэдийгээр урт хугацаанд чиглэсэн шийдвэр гараагүй байгаа боловч БНСУ ирээдүйд хэзээ нэгэн цагт зоосон мөнгөний хэрэглээнээс бүрэн татгалзах боломжтой" гэлээ.
Х.Сарнай 

 

相关新闻