Шинэ Зеландад болсон газар хөдлөлт "ашиг тус"-аа өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВЕЛЛИНГТОН. /BBC/. Аливаа байгалийн гамшиг нь эерэг сайн зүйл дагуулна гэж байдаггүй билээ. Гэтэл өнгөрсөн онд Шинэ Зеландад болсон газар хөдлөлт нь эрэг орчмын дэд бүтцийг далайн давалгаанаас хамгаалахад зарцуулах мөнгийг олон сая доллараар хэмнэж өгчээ.
2016 онд Каикоура хотод болсон газар хөдлөлтийн улмаас Шинэ Зеландын Өмнөд арлын хоёр оршин суугч амиа алдсан билээ. Газар хөдлөлтийн дараах сэргээн босгох ажилд нийтдээ 900 сая шинэ зеланд долларын /631 сая ам.доллар/ зардал гарах төлөвтэй байна.
Үүний сацуу энэхүү газар хөдлөлтийн нөлөөгөөр эргийн дагуух 120 км орчим урт газар 1-8 метрээр өргөгджээ. Ингэснээр далайн давалгаанд сүйдэж магадгүй байсан эрэг орчмын дэд бүтцийг хамгаалах асуудал шийдэгдсэн тухай Каикоура хотын захиргаа мэдэгдлээ.
Хотын захиргаанаас дэд бүтцийг хамгаалах асуудлыг шийдэхийн тулд олон сая доллар зарцуулахаар төлөвлөөд байсан ба хөрөнгө мөнгөний асуудал Өмнөд арлын эргийн хотуудад хүндхэн тусч байсан юм. Хотын дарга Винстон Грэй хэлэхдээ ”эргийн дагуух газар өргөгдсөн нь хотод тулгараад байсан асуудлыг түр зуур боловч шийдэж өглөө. Гэхдээ хэр удаан хугацаанд вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэлээ.
Байгаль орчныг судлаачид эрэг орчмын газар өргөгдсөн талаар мэдээлэл цуглуулж, судалгаа хийж байна.
Х.Сарнай