Марин Ле Пен намын даргын албан тушаалаа өгөхөөр шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-25 08:23:59
ПАРИС./Anadolu/. Францын ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч ирэх сарын 7-нд болох  хоёр дахь шатны сонгуулийн кампанит ажлаа эхлүүллээ.

Францын ДХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын Эдийн засгийн сайд асан Эммануэль Макрон өнгөрсөн ням гарагт болсон эхний шатны сонгуульд сонгогчдын 24 хувийн саналаар тэргүүлсэн бол хэт барууны үзэлт Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен 21.3 хувийн саналаар удаалсан юм.

Өчигдөр Э.Макрон Парис хотноо өөрийн сонгуулийн штабын ажилтнуудтай уулзан кампанит ажлаа хэрхэн өрнүүлэх талаар ярилцсан байна.

Харин Ле Пен Францын нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “сонгуулийн кампанит ажилдаа илүү анхаарлаа хандуулж, төвлөрөхийн тулд намын даргын суудлаа би түр өгөхөөр шийдсэн. Би Францын бүх ард түмний ерөнхийлөгч болох болно” гэж мэдэгджээ.

Ле Пен бол Үндэсний фронт намыг үүсгэн байгуулагчдын нэг болох 1972-2011 онд тус намын даргаар ажиллаж байсан Жан-Мари Ле Пений охин юм.

Өдгөө 48 настай, хуульч мэргэжилтэй Ле Пен “хэрвээ би сонгуульд ялбал ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш зургаан сарын дотор Франц улсыг Европын Холбооноос гаргах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна” гэж мэдэгдсэн билээ.

Хоёрдугаар шатны сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь олонхын санал авах нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Г.Доржханд


相关新闻