“Дуулиан 2020”-ын энэ жилийн шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-24 13:18:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг “Дуулиан-2020” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тус тэмцээний шигшээ тоглолтууд өчигдөр Футзалын ордонд болж, нас насны ангиллын аварга багуудаа тодруулав. 

Монголын хөлбөмбөгийн холбооноос тус тэмцээнийг 11 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж бөгөөд охид, хөвгүүдийн 11, 13, 15, 17 насны шилдэг багууд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Мөн ивээн тэтгэгчдийн дунд нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа. Тэмцээний хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж, шилдэг багт шагналыг гардуулсан юм. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан ТББ" болон НБТСГ, НБГ хамтран Нийслэлийн аварга шалгаруулах "Дуулиан-2020" заалны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай.  



Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, албан байгууллагын тусламж хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазыг нэмэгдүүлэх, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг, авъяаслаг, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилготой. Энэ тэмцээнд олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд  дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортод хүүхэд, залуучуудыг өргөнөөр хамруулах баг тамирчдыг бэлтгэх ач холбогдолтой тэмцээн юм.


“Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2006 оноос ЕБС-иудын дунд охид, хөвгүүдийн насны ангиллаар зохион байгуулж, жил бүр ойролцоогоор 30 гаруй мянган охид, хөвгүүд хамрагдан энэ спортоор хичээллэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмцээний хамгийн сүүлчийн тоглолт болох 15 настай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхоод баг тамирчдад шагнал гардуулж үг хэлэв. Тэрбээр, “Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн дундаас Монголоор овоглосон ирээдүйн Роналдо, Месси, Бекхем, Торрес нар шиг сайн тамирчид төрөн гарна гэдэгт миний бие итгэлтэй байна. Энд хүүхэд, залуучуудыг ивээн тэтгэн оролцуулж байгаа бизнесийнхний дундаас дэлхийд алдартай Челси, Реал Мадрид, Барселона багийн эзэд шиг хүчирхэг, чадалтай багийн эзэд төрөн гарахыг ч үгүйсгэхийн аргагүй. Монгол Улсад хөлбөмбөг эрчимтэй хөгжих үндэс суурь нэгэнт тавигдлаа” хэмээн онцлон хэллээ.

Д.Өлзий
相关新闻