Вьетнамын тосгоны иргэд цагдаа нарыг барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-24 10:33:36
ХАНОЙ./BBC/.Газар ашиглах эрхтэй холбоотой үүссэн маргаан, эсэргүүцлийн ажиллагааны явцад Вьетнамын нэгэн тосгоны оршин суугчид хэсэг төрийн албан хаагчдыг барьцаалаад байсан бөгөөд барьцаалагдсан хүмүүсээс үлдсэн 19 хүнийг суллажээ.
 
Ханой хотын цагдаагийн газрын даргатай хийсэн уулзалтын дараа дээрх хүмүүсийг сулласан байна. Учир нь, цагдаагийн дарга "тосгоны оршин суугчдыг шийтгэхгүй, орон нутгийн газар ашиглалтын байдлыг дахин шалгана" гэж амласан байна.
 
2015 онд тухайн маргаантай газрыг Вьетнамын армийн мэдэлд байдаг нэгэн компанид хуваарилсан аж. Харин оршин суугчид маш бага нөхөн төлбөр олгосон гэж эсэргүүцэн газрыг чөлөөлөхөөс татгалзжээ.
 
Өнгөрсөн бямба гарагт Ханой хотын ойролцоох Донг Там тосгоны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэн 38 хүнийг барьцаанд аваад байсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн дотор цагдаагийн албан хаагчид, орон нутгийн захиргааны төлөөлөгчид байсан бөгөөд тэдний заримыг нь энэ долоо хоногийн эхээр суллажээ.

Ханой хотын албаны төлөөлөгч Нгуен Дук Чунг 45 хоногийн хугацаанд асуудлыг хянан үзнэ гэж амласны дараа тосгоныхон үлдсэн 19 хүнийг сулласан байна.

Маргааны үеэр тосгоныхон хаалт саад босгож, замуудыг хаасны улмаас нөхцөл байдал хурцаджээ.

Маргаан үүсгээд байгаа газар нь 50 гектар /124 акр/ талбайтай бөгөөд Батлан хамгаалах яам уг газрыг армийн мэдэлд байдаг харилцаа холбооны “Viettel Group” фирмд 2015 онд хуваарилан олгосон аж. Харин тус компани барилга барихаар газраа чөлөөлж эхлэхэд оршин суугчид эсэргүүцэл үзүүлэн саад хийх болсноор нөхцөл байдал хурцадсан байна.

Вьетнамд газрын маргаан байнга гарч байдаг, учир нь газрыг хувьдаа эзэмшихийг төр зөвшөөрдөггүй аж. Харин төрийн байгууллагууд хөдөө аж ахуйн зориулалттай газрыг барилга байгууламж барих, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хураан авах эрхтэй байдаг гэнэ.

Харин дээрхийн адил албаны хүмүүсийг олноор нь барьцаалсан хэрэг явдал маш ховор гардаг ажээ.
 
Х.Сарнай 
 


 
相关新闻