“General Motors” компанийн хөрөнгийг битүүмжилсэн үйл явцыг АНУ нягтлан судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-21 11:21:20

КАРАКАС. /Reuters/Венесуэлийн эрх баригчид General Motors” компанийн тус улс дахь хөрөнгийг битүүмжилсэн явдлыг АНУ-ын албаны хүмүүс нягтлан шалгаж байгаа тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер пүрэв гарагт мэдэгдлээ.

Мэдэгдэлд “бид уг хэргийг нарийвчлан судалж байгаа бөгөөд АНУ энэ хэргийг нээлтэй, түргэн шуурхай шийдвэрлэх болно” гэжээ.

Лхагва гарагт General Motorsкомпанийн мэдэгдсэнээр, Венесуэлийн засгийн газраас тус компанийн Валенсиа хотын аж үйлдвэрийн цогцолборт байдаг үйлдвэрийг нь битүүмжилсний улмаас 2700 ажилчин ажилгүй болсон байна. АНУ-ын хамгийн том автомашин үйлдвэрлэгч болох тус компани эрхээ хамгаалахын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авна гэж мэдэгджээ. Мөн “автомашин зэрэг компанийн эд хөрөнгийг үйлдвэрээс хууль бусаар хураан авсан” гэжээ.

Венесуэлийн хэвлэлүүдэд бичсэнээр, энэхүү битүүмжилсэн үйл ажиллагаа нь 2000 онд Венесуэлийн концесс эзэмшигчидтэй үүсгэсэн иргэний маргаантай холбоотой бөгөөд хөрөнгийг нийгэмчилж буй хэрэг биш ажээ.

General Motorsкомпани нь Венесуэлийн автомашины зах зээлд 35 жилийн турш давамгай байр суурьтай байгаа юм. Т

"Венесуэлийн автомашины үйдвэрлэл 2016 онд түүхэн доод хэмжээнд буурч, дөнгөж 2849 ширхэг автомашин үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2015 онтой харьцуулахад 75 хувиар буурсан үзүүлэлт юм” гэж Венесуэлийн автомашин үйлдвэрлэлийн групп мэдээлсэн байна.
 

Х.Сарнай 

 

相关新闻