Елисейн өргөн чөлөөнд террорист халдлага гарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-21 07:53:46
ПАРИС./ВВС/. Францын нийслэл Парис хотын Елисейн өргөн чөлөөнд нэгэн этгээд цагдаагийн алба хаагчид руу гал нээжээ. Нэг цагдаа амь үрэгдэж, хоёр цагдаа шархадсан байна. Тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө ийм халдлага гарлаа.

Францын ДХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “өчигдөр орой гэмт этгээд цагдаагийн эргүүлийн машины хажууд автомашинтайгаа ирж зогсоод, дөрвөн цагдаа руу гэнэт гал нээсэн” гэв. Гэмт этгээдийг хэргийн газарт буудан устгасан байна.

Халдлага болох үед Елисейн өргөн чөлөөнд олон жуулчин байжээ. Зэвсэгтэй цагдаа нар тус газарт эргүүл хийж байсан аж.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ хэргийг “террорист халдлага” гэж тодорхойлж байна. Удахгүй болох гэж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ гэж тэрбээр мэдэгдэв.

Тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулна. Эхний шат энэ ням гарагт болох бол хоёр дахь шат нь ирэх сарын эхээр болно.

Сонгуулийн өдөр аюулгүй байдлыг хангахын тулд улс даяар 50 мянган цэрэг, цагдаагийн алба хаагч хамгаалалтад гарах аж.

2015 оны 11 дүгээр сард Парист террорист халдлагууд болсноос хойш тус улс даяар онц байдал зарласан хэвээр байна.

Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хоёр этгээдийг энэ долоо хоногийн мягмар гарагт тус улсын өмнөд нутгийн Марсель хотод баривчилсан юм.
 
Г.Доржханд
 
相关新闻