“Malaysia Airlines” нисэх онгоцуудаа хиймэл дагуулаас хянана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-20 15:05:01
КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компани нисэх онгоцуудаа хиймэл дагуулаас хянах гэрээг АНУ-ын “SITAONAIR” компанитай байгуулснаар ийм төрлийн гэрээ байгуулсан анхны компани боллоо.

Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “MH370” дугаартай нислэг үйлдэж байсан онгоц нь сураггүй болсноос хойш гурван жилийн дараа тус компани ийм гэрээ байгууллаа.

Хиймэл дагуулын сүлжээг 2018 оноос ашиглаж эхэлснээр тус компани одоогоор хянах ямар ч боломжгүй газрууд, тухайлбал туйлын бүс нутаг болон далайн алслагдсан районуудын дээгүүр нисч буй онгоцуудаа хянах боломжтой болох аж.

“MH370” дугаартай нислэг үйлдэж байсан нисэх онгоц  хэрхсэн бэ гэдэг нь дэлхийн иргэний агаарын тээврийн  түүхэн дэх хамгийн том нууцуудын нэг хэвээр байна.

Нисэх онгоцыг хайж Энэтхэгийн далайд 120 мянган хав.дөр.км талбайг самнасан боловч ямар ч ул мөр олж чадаагүй юм.

“MH370”-ыг далайн гүнд эрэн хайх ажиллагааг энэ оны эхээр зогсоосон билээ.

“Malaysia Airlines” компани аяллын хөнгөлөлт санал болгох, тийзний үнээ хямдруулах зэргээр үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг эргүүлэн олж авахыг оролдсоор байна.
 
 Г.Доржханд
 

相关新闻