Австрали улс гадаадын ажилчдад виз олгоход тавих шаардлагыг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-19 11:14:53
СИДНЕЙ. /BBC/. Австрали улс гадаадын мэргэжилтэй ажилчдыг хүлээн авахын тулд хэрэгжүүлж байсан визний хөтөлбөртөө тавих шаардлагыг чангатгах болно гэж тус улсын засгийн газар мэдэгдлээ.
 
457 гэдэг ангиллын визийн хөтөлбөрийг зөвхөн ресторан, мэдээлэл технологи болон эмнэлгийн салбарт гадаадын ажилчдыг авч ажиллуулах зорилгоор хэрэгжүүлж байсан бөгөөд ажилчдын ихэнх нь Энэтхэг, Их Британи болон Хятадаас ирдэг байна.  

Австрали улсын иргэдийг эхний ээлжинд авч ажиллуулахын тулд уг хөтөлбөрийг зогсоох болно гэж тус улсын Ерөнхий сайд Мальколм Турнбул мэдэгджээ.
 
457 хөтөлбөрийг шүүмжлэгчдийн хувьд "австрали ажилчид гадныханд ажлын байраа алдаж байна" гэж  үзэж байгаа юм. Уг хөтөлбөрийн оронд түр хугацаагаар ажиллах боломж олгох хоёр төрлийн шинэ визийг гаргах хэрэгтэй байгаа бөгөөд шаардлага хангасан цөөн тооны хүмүүсээс сонголт хийх аж.

Мягмар гарагт М.Турнбул үг хэлэхдээ “үндэсний ашиг сонирхлын үүднээс шинэ системийг тууштай хэрэгжүүлнэ” гэжээ.

457-гийн виз гэж юу вэ?

Энэ нь гадаадын ажилчид Австрали улсад гэр бүлийн хамт амьдрахыг зөвшөөрдөг дөрвөн жилийн хугацаатай бизнес ангиллын виз юм.

Хэдийгээр үүнийг мэргэжилтэй ажиллах хүчний дутагдлыг нөхөх зорилгоор хэрэгжүүлж ирсэн боловч хэт хавтгайруулан олгож байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.  

2016 онд 457-гийн визийг голдуу тогооч, загвар зохион бүтээгч, программ зохиогч, эмнэлгийн ажилчдад олгожээ. Засгийн газраас гаргасан статистик мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд  95 758 хүн 457-гийн визээр Австрали улсад амьдарч байсан бөгөөд тэдний ихэнх нь Энэтхэг /24.6%/, Их Британи /19.5%/, Хятад /5.8%/ улсаас ирсэн байна. 

Х.Сарнай 

 


相关新闻