Тариаланчдад шатахууны дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-18 12:56:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 468.1 мянган га-д үр тариа, 420.8 га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 23.2 мянган га-д малын тэжээл тариалах урьдчилсан тооцоог ХХААХҮЯ-наас  гаргаад байна.

Энэ жил үр тариа үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих дэмжлэгийг үргэлжлүүлэх юм байна. Түүнчлэн төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуйн нэгж, иргэнд шатахууны дэмжлэг олгохоор болжээ.

Тодруулбал тухайн аймгийн ХХАА-н газраар дамжуулан шатахууны дэмжлэг үзүүлэх бөгөөд хүнсний ногоонд буюу га-д 6 литр, малын тэжээлийн тариалалт эрхлэхэд га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах юм. Урьдчилгаа төлбөрт 50 хувийг олгох бөгөөд үлдэгдлийг  жилийн эцсээр төлөх нөхцөлтэй гэдгийг албаныхан онцоллоо.

Харин үрийн дэмжлэгийн хувьд  нийт 4.8 мянган тонн үрийг энэ жилийн тариалалтад олгох аж.  Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин элеваторт болон түрээсийн агуулахуудад үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжээс үрийн буудай стандартын дагуу өнгөрсөн онд ургацын элит болон 1-2 репродукцын үрээр нөөц бүрдүүлжээ. Тариаланчид нэг тонн үрийг 830 мянган төгрөгөөр тооцон гэрээ хийж урьдчилгаа төлбөр төлөх бол үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас буудайгаар барагдуулах юм байна.

 Энэ жилийн хувьд улсын хэмжээнд тариалалд 5 төрлийн нийт 3587,4 тн ургамал хамгаалах бодис шаардлагатай байгаа аж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн  дэмжлэгээр 30 хувийн  урьдчилгаатай 566 тонн үр ариутгагч, ургамал хамгааллын бодисоор тариаланчдыг дэмжихээр болсон байна.

Б.Заяа 
相关新闻