В.Путин Украины нөхцөл байдлыг “Нормандын дөрвөл”-ийн орнуудын тэргүүн нартай хэлэлцлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нартай Украины зүүн нутагт үүссэн нөхцөл байдлыг зохицуулах талаар утсаар ярилцжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээллээ.
"Нормандын дөрвөл"-ийн орнуудын төрийн тэргүүн нар Минскийн хэлэлцээрийн аюулгүй байдал, улс төрийн зохицуулалтын талаарх тохиролцоонуудыг биелүүлнэ гэдгээ дахин нотлов. Тэд 3 дугаар сарын 29-нд холбоо тогтоох бүлгийн хуралдааны явцад тохирсон Улаан өндөгний баярын эвлэрлийг сэргээх тохиролцоог дэмжиж, түүнийг хатуу мөрдөх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ” гэж дээрх мэдээлэлд дурджээ.
Мөн “олзлогдсон буй иргэдийг “бүгдийг бүгдээр” зарчмаар солилцох асуудлыг шийдвэрлэх ажлыг идэвхжүүлэхийг уриалж, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Тусгай мониторингийн багийнханд заналхийлсэн тохиолдол гарсанд харамсч байгаагаа илэрхийллээ.
Украины асуудлаарх "Нормандын дөрвөл" гэдэг хэлэлцээр нь 2014 оны 6 дугаар сараас эхлэн явагдаж байгаа юм. Нормандад холбоотны цэргийн десант буусны 70 жилийн ойг тэмдэглэх үеэр Орос, Украин, Франц, Германы төрийн тэргүүн нар Украины зүүн нутагт үүссэн хямрал мөргөлдөөнийг зохицуулах талаар анх удаагаа хэлэлцээ хийсэн билээ. Түүнээс хойш дээд хэмжээнд хэд хэдэн удаа уулзалт хийж, утсаар ярилцсанаас гадна Гадаад хэргийн сайд нарын уулзалтууд болсон юм.
О.Барс