Органик бүтээгдэхүүний талаарх нэр томьёог ойлгомжтой болгох нь зүйтэй гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-16 18:57:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Органик хүнсний тухай хууль”-ийг дагалдан гарах журам, аргачлалын хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр “Органик газар тариалан эрхлэхэд баримтлах журам”-ын асуудлаар хэлэлцсэн хэлэлцүүлгийн үеэр зарим мэргэжлийн үг хэллэгүүдийг иргэд ойлгохоор бичих, мөн зарим үг хэллэгүүдийг тодорхой болгох, давхардсан санаануудыг нэгтгэх зэрэг санал гарлаа.
Мөн газар тариалангийн бүтээгдэхүүнд цаг агаар нөлөөлдөг. Иймээс таримал бүрт ул мөрийг мөшгөх талбайн түүхийн дэвтэр хөтлөх боломжгүй гэсэн санал ч гарч байлаа.
Харин “Мал аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх журам”-нд Органик арга, органик тэжээл, органик үйлдвэрлэл гэж яг юуг хэлэх талаар тодорхой болгох, органик мах, сүү гэж юуг хэлэх, энгийн аргаар яаж ялгах талаар тусгаж, тодруулж өгөх, зарим заалтууд хоорондоо зөрчилдөөнтэй байгааг эргэж харах  хэрэгтэй гэж үзэж байв.
Мөн мөрдөж мөшгих гэдэг үгийн оронд гарал үүслийг тогтоох гэж оруулах, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулах зүйл тусгаж оруулах гэсэн саналуудыг оролцогчид гаргажээ. Тэгвэл “Органик үйлдвэрлэл эрхлэх зөгийн аж ахуйд тавигдах шаардлагууд” сэдвийн хүрээнд зөгийн бал, жилий зэрэг зарим бүтээгдэхүүнийг тодорхойлж өгөх, гаднаас авчирч буй гэхийн оронд нутагшсан сортын зөгий гэж ойлгох, ил задгай орчинд зөгийн бал хураахыг хориглох, түүнчлэн хүнсний зориултын саванд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан зориулалтын битүү хувцас хэрэглэнэ гэж нэмж оруулах, тээвэрлэлт, хадгалалтын асуудлыг тусгаж өгөх шаардлагатай байна гэсэн саналууд гарсныг салбарын яамандаа уламжилсан байна.
Тус хэлэлцүүлэгт Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг сумдын хүнс, хөдөө аж ахуйн салбарын 40 гаруй төлөөлөл оролцжээ.
 
Ч.Отгонцэцэг       
相关新闻