Б.Мөнхтөр: Хүнсний ногоо тариалагчдаа дэмжихээр болсон нь шинэлэг ажил боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2017-04-15 22:43:15
Сэлэнгэ/МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн үндсэн үйлдвэрлэл бол газар тариалан. Тэгвэл тус аймгийн үндсэн үйлдвэрлэл болсон хаврын тариалалтын нөр их ажил тун удахгүй эхлэх гэж байна. Хаврын тариалалтын ажлын бэлтгэл хэр хангагдсан хийгээд тариалалттай холбоотой цаг үеийн асуудлаар аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Юуны өмнө танд Сэлэнгэ аймгийн хамгийн чухал, том салбарыг удирдах нөр их үүрэг хариуцлагатай албанд томилогдон ажиллаж байгаад баяр хүргэж, амжилт хүсье.
-Баярлалаа. Сайн, та сайхан хаваржиж байна уу?
-Таны аав энэ салбарын даргаар олон жил ажилласан туршлагатай, бас л шаггүй зарчимч, өндөр шаардлагатай, их зангарагатай дарга байсан гэж сонссон юм байна. Олон жилийн дараа аавынхаа хийж бүтээж явсан ажлыг үргэжлүүлэн хөтлөх ховор завшаан танд олджээ. Энэ бол хүн бүхэнд оногдоод байдаг аз завшаан биш гэж бодож байна?
-Тийм шүү. Миний аав Дагвын Бадарч гэж их мундаг хүн бий. Соц нийгмийн үеэс эхлээд л зах зээлийн эдийн засагт шилжисний дараа ч энэ том салбарыг олон жил удирдаж явсан хүн. Аавын маань ажиллаж явсан он жилүүдэд Сэлэнгэ аймаг маань арвин ургац хураан авч, ололт амжилт дүүрэн байсан. Би одоо энэ залгамж халааг сэвтээхгүй, аймгийнхаа хариуцлагатай салбарыг өндөр ухамсартайгаар удирдан явч явна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Тэгэлгүй яахав. Залуу хүнд хийж бүтээхийн их тэмүүлэл, бодсон төлөвлөсөн зүйл, зорилго, зорилт их байгаа гэдэгт итгэж байна. За гол асуудалдаа орьё. Хаврын тариалалтын их ажил хаяанд ирсэн байна. Энэ жилийн тухайд манай аймгийн тариалалт хэзээнээс эхлэх гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан талаар яриагаа хэлэх үү?
-За. Одоо ерөөсөө тариалалт эхлэхэд 20-иодхон хоног үлдэж байна. Манай аймагт хамгийн түрүүнд “Гацуурт” ХХК тариалалтаа эхэлдэг. Эднийх бүх бэлтгэлээ базаасан одоо эхлэх өдрөө л хүлээгээд байж байгаа. Бусад компаниуд ч мөн адил бэлтгэлээ хийгээд байж байна. Одоогоор хаврын тариалалтын техник засварын үйлчилгээ 17.1 хувьтай хийгдсэн байна. Мөн чийг хаалтын борной 8500 га-д хийсэн мэдээтэй байна.
-Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймаг маш өндөр ургац хураан авч байгаа. 2016 онд ч мөн ялгаагүй. Энэ эрч хүчээ алдахгүйн төлөө таны зорилго мэдээж байгаа байх. Энэ жил Сэлэнгэ аймаг хичнээн га-д үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байна даа?
-Өнгөрсөн онд байгаль цаг уурын таатай нөхцөл нөлөөлсөн хэдий ч манай тариаланч, ногоочид хүн ардаа хүнсний цэвэр, эрүүл бүтээгдэхүүнээр хангах эрхэм зорилгынхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Энэхүү нөр их хөдөлмөрийн үр дүнд 2016 онд нийт 176.6 мянган га-д тариалж, 265.1 мянган тонн ургац хураан авсан. Үүний маань 237.8 мянган тонн нь улаан буудай, 6.1 мянган тонн нь бусад үр тариа, 11.0 мянган тонн тэжээлийн ургамал, 10.1 мянган тонн ургамлын тос хураасан. Үүнийг дурдахгүй байж болохгүй ээ. Одоо энэ жил 2017 онд Сэлэнгэ аймаг нийт 166.067 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнийхээ 138 мянган га-д улаанбуудай, 2300 га-д бусад үр тариа, 6800 га-д малын тэжээлийн ургамал, 11791 га-д тосны ургамал тарина. Мөн 3291 га-д төмс, 2462 га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байгаа. Мөн 129800 га талбайд хими болон механик уринш бэлтгэхээр ХХААХҮ-ийн сайдтай, ХХААГ-ын дарга миний бие гэрээ байгуулан ажиллаж байгаа.
-Үрийн хувьд хүрэлцээ хангамж хэр байна. Үр дутагдаж байгаа юу. Хэрвээ дутагдаж байгаа бол хаанаас авах вэ?
-Энэ онд улаанбуудайн дутагдах үр 5600 тонн байгаа. Бид нийт тарих үрийнхээ 75 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулсан. Үүний маань 53.1 хувь нь стандартын шаардлага хангасан байгаа. Дутагдалтай байгаа үрээ тариалан эрхлэлтийг дэмжих сан болон бусад газраас нөхөх бодолтой байгаа.
-Тариаланчид маань тонн тутамд авдаг урамшууллаа бүрэн авч чадсан уу. Энэ жил хаврын тариалалтанд хөнгөлөлт үзүүлэх үү?
-Манай тариаланчид урамшууллаа бүрэн авсан. Хаврын тариалалт хуучин журмаараа хөнгөлөлтөө аваад явна.
-Хүнсний ногоо тариалагчдын хувьд энэ жил ямар онцлог  байна. Жил бүр л тариаланчидтай адил урамшуулал, хөнгөлөлтийн асуудал хөндөгддөг шүү дээ?
-Одоо бол манай хүнсний ногоо эрхлэгчид маань аль эрт ажлаа эхэлсэн шүү. Энэ хавар 0.3 га талбайд үрслэг бойжуулж, 0.1 га хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль, чинжүү, урт сонгино зэргийг тариалж байна. Энэ жилийн тухайд ХХААХҮЯ-наас “Атрын 3” аяныг үргэлжлүүлэх ажлын хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Энэ бол урд нь хийгдэж байгаагүй цоо шинэ ажил. Нэг га талбайд 50 л шатахуун зээлээр олгох шийдвэр гаргалаа. Намар ургацаа хураасныхаа дараа төлөх нөхцөлтэй юм.
-Хүнсний ногоо тариалдаг иргэдэд маань бас дэвшилттэй алхам болжээ. Жил бүр тариалалт эхлэхийн өмнө аймгийн тариаланчдын зөвлөлгөөнөө хийдэг уламжлалтай биздээ. Одоо хэдүйгээр хийх гэж байна. Энэ жилийн зөвлөлгөөний онцлог юу байх бол?
-Бид ярьж тохироод энэ 4-р сарын 21-ны өдөр аймгийн тариаланчдын зөвлөлгөөнөө зохион байгуулахаар товлоод байна. Өмнө нь зөвлөлгөөний үеэр технологийн асуудлаар их ярьдаг байлаа. Одоо бол тэгэхгүй ээ. Тариаланчдын өмнө тулгамдсан ямар асуудал байна. Юу нь болж байна, юу нь болохгүй байна. Яг үйлдвэрлэл дээр юу хэрэгтэй байгаагаа. Өнөөдрийн болж бүтэхгүй байгаа асуудлаа л ярина.
-Та намар Япон улсад айлчлаад гурвалжин будаа тариалах асуудлаар хамтарч ажиллахаар болоод ирсэн шүү дээ. Энэ асуудал ямар шатандаа байна. Энэ хавар тариалах уу?
-Энэ ажил их нааштай байгаа. Японы Шизоука мужийн төлөөлөл энэ сарын 18-19-ний өдрүүдэд манай аймагт ирнэ. Тэд Зүүнбүрэн суманд гурвалжин будаа тариалах талаар ирж газар дээр нь байдалтай нь танилцахаар болсон.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ч.Отгонцэцэг
 
相关新闻