Цаг агаарын өөрчлөлтийн улмаас нисэх онгоц агаарын хүчтэй урсгалд орох нь ихэсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНЛОНДОН./VOA/. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, нисч буй онгоц агаарын хүчтэй урсгалд орж, савлах тохиолдол байнга гарах болсон нь цаг агаарын өөрчлөлттэй холбоотой ажээ.
Английн Рединг их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар, нислэгийн үед хамгаалалтын бүсээ зүүгээгүй зорчигчид болон багийн гишүүдийг суудлаас нь авч шидэхээр хүчтэй агаарын урсгал урьд өмнөхөөс 2-3 дахин олон удаа тохиолдох болсон байна.
Судлаачид агаарын нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ хоёр дахин нэмэгдэх үе буюу өвлийн улиралд Атлантын далай дээгүүр 12 км-ийн өндөрт байгаа агаарын урсгалд ямар өөрчлөлт гарч байгааг супер компьютер ашиглан судалсан байна. Энэ зууны сүүлч гэхэд агаар мандал дахь нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ 2 дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа билээ.
Судалгааны дүнг харахад, агаарын урсгалын зөөлөн хүч 59 хувиар, дунд зэргийн хүчтэй агаарын урсгал 75 хувиар, хүчтэй агаарын урсгал 127 хувиар, харин маш хүчтэй агаарын урсгал 149 хувиар нэмэгдсэн байжээ.
“Цаг агаарын өөрчлөлтийн улмаас маш хүчтэй агаарын урсгал бий болж байна. Ийм өөрчлөлт нь нисч буй онгоцонд ямар нөлөө үзүүлэх талаар нэлээд дэлгэрэнгүй зураглал гаргахаар ажиллаж байна" гэж судалгааг удирдсан Пол Уильямс ярилаа.
Судалгааны дүнг "Advances in Atmospheric Scienc" сэтгүүлд нийтэлсэн байна.
Х.Сарнай