Т-54 танкны дотроос 2,5 сая доллароор үнэлэгдэх алтан гулдмайнууд олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-10 10:28:22

МОСКВА. /TASS/. Их Британийн байлдааны техник цуглуулагч Ник Мид Зөвлөлтийн Т-54 танкны түлшний саван дотроос 2,5 сая доллароор үнэлэгдэх таван ширхэг алтан гулдмай олжээ. Энэ тухай “The Sun” сонинд мэдээлсэн байна.

Уг танкийг Ник Мид eBay-гийн үнэ хаялцуулах худалдаанаас ердөө 37 мянган доллароор худалдан авч аж. Тэгтэл уг танкны шатахууны саван дотор энэ мөнгөнөөс 70 дахин их буюу 2,5 сая долларын үнэд хүрэх таван ширхэг алтан гулдмай байсныг тэрбээр олжээ.

Н.Мид маш их гайхаж, улмаар цагдаа дууджээ. Цагдаа нар олсон алтыг нь хурааж аваад "хурааж авсан" гэсэн бичиг үлдээгээд явсан байна. “Алтыг би буцааж авч чадахгүй байсан ч хамаагүй, хамгийн гол нь би энэ сайхан танктайгаа үлдлээ шүү дээ” хэмээн ярьж буй тэрбээр сэтгэлээр огтхон ч унахгүй байгаа аж.

Н.Мидийн худалдаж авсан энэ Т-54 танкийг Иракийн арми 1990-1991 оны Персийн булангийн дайнд ашиглаж байжээ. Тэр үеэр уг танкийг олон улсын эвслийн хүчнийхэн олзолж аваад улмаар Их Британид аваасан байна. Цуглуулагчийн үзэж байгаагаар, Иракийн цэргүүд дайн эхлэх үеэр Кувейтийн эрдэнэсийн сангаас хулгайлан авсан алтаа танкны түлшний саванд нуусан бололтой.

Өдгөө 55 настай Английн Нортгемптоншир мужийн фермер Н.Мидийн цуглуулганд 150 орчим нэгж байлдааны техник байдаг гэнэ. Тэрбээр хүссэн хүн бүрт байлдааны техникээр фермийн газар дээгүүр явах боломж олгож, мөнгө олдог ажээ.

О.Барс

 


 

相关新闻