Иргэдэд хөдөлмөрийн үнэ цэнийн талаар лекц сонсгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-05 13:54:15
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Хөдөлмөр амьдралын үндэс” сарын аяны нээлт Төв аймгийн Зуунмод суманд боллоо. Энэхүү аян “Ажилтай орлоготой-иргэн” урианы жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй Зуунмод сумын ажилгүй 160 гаруй иргэнийг  "Хөдөлмөрийн үнэ цэнэ" сэдэвт сонирхолтой лекцэд хамруулсан байна.

Түүнчлэн Төв аймгийн МСҮТ-ийн 150 гаруй хүүхдэд “Амьдралын үнэ цэнэ”, ЕБС-ийн ахлах ангийн 180 гаруй хүүхдэд “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц тавив. Уг лекцүүдийг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж.

Зуунмод сумын ажил хайгч иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгөх болон хүүхэд залуучуудад мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар ойлголтыг өгч хөдөлмөрийн зөв хандлагыг төлөвшүүлэхэд уг аяны зорилго оршиж байгаа гэж Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

相关新闻