Хөнгөлөлттэй эмийн төсөв 100 гаруй сая төгрөгөөр нэмэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдэд хөнгөлөлттэй олгодог эмийн төсөв багасч, оны эхний улиралд хуваарилагдсан төсөв нь дууссанаас өнөөдрийг хүртэл иргэд хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байгаа юм. Хөнгөлөлттэй үнээр эм авах хүлээлт иргэдийн дунд их байна. Хөнгөлөлттэй эмийн жорыг хэзээнээс бичиж эхлэх талаар ЭМНД- ын хэлтсийн ЭМД- ын тасгийн дарга Ц. Энхцэцэгээс тодруулахад, эмийн төсөвт тодотгол хийж байгаа, энэ долоо хоногийн сүүлчээс эхлэн хөнгөлөлттэй эмийн жорыг бичиж эхэлнэ гэдгийг хэллээ.
Өнгөрсөн онд 691 сая төгрөгийг эмийн хөнгөлөлтөд зориулан зарцуулсан бол энэ онд төсөв нь 44 хувиар буурч, 315 сая төгрөг болсон. Зардал ингэж багассан нь тус аймагт эмийн зохисгүй хэрэглээ өндөр байсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн хувьд хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн зардал 2010- 2016 онд тус аймгаас 3 дахин олон хүн амтай аймгийнхаас даруй 2.5 дахин их ногдож байсан бөгөөд энэ нь тус аймагт эмийн зохисгүй хэрэглээ өндөр байна гэх дүгнэлтэд ийн хүргэжээ.
Энэ онд хуваарилагдсан 315 сая төгрөгийн төсвийг бүтэн жилд хуваахад нэг сард 26 орчим сая төгрөг ногдож байгаа юм. Он гарсаар зөвхөн эхний сард нийт 87 сая төгрөг эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулагдсан нь бүтэн улирлынхаас ч илүү төсөв болсон тул эмийн үнийн хөнгөлөлтийг ийнхүү зогсооход хүрсэн юм.
Эмийн төсвийг нэмэгдүүлэх талаар аймгийн ЭМНД- ын хэлтэс холбогдох байгууллагад хүсэлт тавьсаар 110 гаруй сая төгрөгийн нэмж өгөхөөр болсон гэлээ. Тэгэхээр энэ сараас эхлэн урьд хуваарилагдсан төсөвтэйгээ нийлээд 40 шахам сая төгрөгийн эмийн хөнгөлөлтийг иргэд сар тутамд эдлэхээр болж байна. Харин ингэхдээ эмийг зөвхөн онош тодорхой, эмчийн хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан, өвчлөмтгий иргэддээ өгнө гэв.
Т. Отгонтуяа